Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-01 09:40:46

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 31-нд хүрэлцэн ирлээ.


Төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.


Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.


Энэхүү айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.




関連ニュース