Тусгай зөвшөөрөл олгож байгаа хэлбэр, тоо
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аж ахуйн нэгж болон иргэн та тусгай зөвшөөрлөө цахим хүсэлт гарган аваарай. Цахим шилжилтэд хамтдаа”.
Сангийн яамнаас цахимаар олгож байгаа тусгай зөвшөөрлийн
системийн танилцуулгын толгой хэсэг энэ. Харин түүнийг цааш нь үргэлжлүүлбэл:
- Тусгай зөвшөөрөл
хүсэгч болон эзэмшигч шаардлага хангаж байгаа эсэхээ цахимаар шалгах боломжтой.
- Та хүсэлтээ цахим хэлбэрээр илгээж биечлэн очих шаардлагагүй.
- Тусгай зөвшөөрөл авахад
шаардлагатай бүрдүүлэх материалын тоо цөөрч төрийн бусад байгууллагуудаас авдаг
лавлагаа, тодорхойлолтыг систем автоматаар бүрдүүлнэ.
- Тусгай
зөвшөөрлийн шийдвэрлэлт ил тод нээлттэй болно.
- Тусгай зөвшөөрөл
нь QR код бүхий нууцлалтай байх ба таны цахим шууданд илгээгдэнэ.
- Тусгай зөвшөөрөл нь QR кодоор шалгах боломжтой.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол
академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар тусгай зөвшөөрлийн олонхийг цахимаар олгож байгаа нь тогтоогджээ. Тэдгээрийг олгож байгаа
хэлбэр, тоог нь задалбал:
- тухайн
байгууллага өөрийн системээр 134,
- И-Монгол
системээр 6,
- www.license.mn
системээр 24,
- уламжлалт буюу
цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.
Засгийн газрын
хуралдаан /2023-7-26/-д Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Ч.Хүрэлбаатар “Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн
үйлчилгээний нэгдсэн системд холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажлын
явцыг дээрх байдлаар танилцуулжээ.
Энэ ажлын хүрээнд цаасан хэлбэрээр олгож буй 85 зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх системийн бодлогын даалгаврыг бүрэн хийж дуусгасан байна. Зөвшөөрлийн нэгдсэн сангаас тусдаа буюу тухайн байгууллага өөрийн системээр олгодог 134 зөвшөөрлийг холбох техникийн зураглалыг гаргаж, системийн шаардлагыг боловсруулж дуусжээ.
Зөвшөөрлийн тухай хууль /8.1/-иар 249 тусгай зөвшөөрөл олгох хуультай. Тэдгээрээс 85 зөвшөөрөл цахимд шилжээгүй байна. Иймээс тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журам, дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдэд холбох, системийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгажээ.
Улсын
хэмжээнд Зөвшөөрлийн
тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдан мөрдөгдөхөөс өмнө 54 байгууллага 914
төрлийн зөвшөөрөл олгож байжээ. Иймээс
зөвшөөрлийн тоо шат,
дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх, үндэсний аюулгүй
байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол
учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх,
хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс
зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлахтай холбоотой харилцааг боловсронгуй болгож уг
хуулийг УИХ 2022 оны 6 дугаар сарын 17-нд
баталж байжээ.