Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан хуультай болохыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-10 13:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орны эдийн засаг болон ард иргэдийн эрүүл орчинд аюулгүй амьдрах эрхийн тэнцвэрийг хангадаг уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан хууль тогтоомжтой болохыг "Форум-Ази" байгууллага уриаллаа.


"Форум-Ази" нь уул уурхайн компаниудыг НҮБ-ын Бизнесийн болон Хүний эрхийн удирдах зарчмуудыг мөрдөн ажиллахыг хүсэж байгааг ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож “Мөрөөдлөөс Тоос руу: Уул уурхайн салбарын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөг авч үзэх нь-Монгол дахь хүний эрхийн ноцтой хийгээд өсөн нэмэгдэж буй зөрчлийг ил болгох” баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулах үеэрээ тэмдэглэв. Тэрбээр, “Компаниуд ашиглалт дууссаны дараа газар нутгийг нөхөн сэргээж, байгаль орчин, тэнд амьдардаг айл өрхүүдэд урт хугацаанд хамгийн бага нөлөө үзүүлэх нөхцөлийг хангах ёстой” гэсэн юм.

Түүнчлэн, хүний эрхийг уул уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатад хүндэтгэж, өөрсдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй орон нутаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс зайлсхийж, засаж залруулах ёстойг тус форумаас зөвлөж байлаа.


Дээрх тайланд Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумын багуудын малчин, айл өрхүүдийн бодит тэмцлийг тусгахдаа уул уурхайн үйл ажиллагаа зөвхөн иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг эрсдэлд оруулаад зогсохгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг дурджээ. Уул уурхайн үйл ажиллагаа ундны усны эх үүсвэр, газрын хөрсийг бохирдуулснаар мал өвчилж, өрхийн орлогод нөлөөлөхөөс гадна эмэгтэйчүүдийн үр зулбалт, дутуу төрөлт зэрэг эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсгэж байгааг ч мөн тэмдэглэжээ.


"Форум-Ази" нь дэлхийн 23 орны 85 гишүүн байгууллагатай, ихэнх нь Азид үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ эв нэгдэл, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөөх хөдөлгөөнийг бэхжүүлэхийг зорьдог юм. 

関連ニュース