“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” цахим хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЭМЯ, ХӨСҮТ, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгүүд хамтран “Сүрьеэгүй Ази Тивийн бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний III хурлыг цахимаар зохион байгууллаа.
Хуралд БНСУ, Япон, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор болон Монгол Улсын сүрьеэгийн салбарын мэргэжилтнүүд оролцон санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн хуралд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа оролцов.
Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байна. Энэ өвчин нь эмчлэгдэж эдгэрдэг хэдий ч 2000 оноос хойш дэлхий нийтээр 30 сая гаруй хүн нас барсны дийлэнх нь Ази болон Африкийн улс орнуудад тохиолдож байна. Хэдийгээр дэлхий нийтэд “КОВИД-19” цар тахал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа ч бусад халдварт өвчний тусламж үйлчилгээг орхигдуулахгүй байх нь чухал юм. Сүүлийн жилүүдэд Ази тивийн улс орнуудын нийгэм эдийн засгийн үзүүлэлт сайжирсан ч сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь маш харамсалтай бөгөөд Азийн улс орнууд нэгдэн сүрьеэгийн эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байсаар байна.
Иймд Монгол, БНСУ, Тайван, Тайланд, Камбож, Зүүн-Тимор болон Монгол зэрэг орнууд хамтран өөрийн орны сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилгоор тус олон улсын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа аж.
Монголд сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа төдийгүй, манай хөрш зэргэлдээ орнуудад сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь БНХАУ, ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгдсэн. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл манай хөрш орнууд болон Монголд байсаар байгаа.
Иймд энэ өдрийн олон улсын
хурлаар уг асуудлын хүрээнд бүс нутгийн хэмжээнд сүрьеэ өвчний эсрэг хамтран
ажиллах, энэ өвчний хяналтыг шинэ шатанд гаргах чиглэлээр улс орны төлөөлөгчид
цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр зөвшилцлөө.