PCR шинжилгээгээр 12 хүнд коронавирус илэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 18-нд нийт 11190 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 12 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн
Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянзүрх дүүргийн
эмнэлгийн голомтын халдвар нийт 26 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд
халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас
эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг
тандан судлах ажил үргэлжилж байна. Улаанбаатарт өмнө нь бүртгэгдсэн кластер
голомтлон гарсан халдвараас давтан хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй
байна.
Улаанбаатар хотын кластер өвчлөлийн голомтод нийт тохиолдол 169 боллоо. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улаанбаатарт 163, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол, улсын хэмжээнд нийт дотоодын халдварын кластер өвчлөлийн голомтод 494 тохиолдол болсон байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч Яармаг дахь эмнэлэгт байсан 34 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэв.