Зоонозын гаралтай халдварыг оношлох аппаратаар хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн Зооноз өвчин судлалын төвд түргэвчилсэн оношлогооны "Quick Mobile" аппарат олголоо. Энэ нь зоонозын гаралтай халдвар өвчний 16 дээжийг ДНХ-туузан хромаграфын аргаар хээрийн болон суурин нөхцөлд шинжлэх боломжтой төхөөрөмж аж.
Тодруулбал,зоонозын гаралтай халдварт өвчнийг газар дээр нь хугацаа алдахгүйгээр найдвартай оношилдогоор аймаг орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллага, ЗӨСТ-үүдийн молекул биологийн түргэвчилсэн оношилгоо хийх чадавхыг сайжруулан бүрдүүлж буйг ЭМЯ-наас мэдээллээ.
ЗӨСТ-үүд "Quick Mobile" машинаар бүрэн хангагдсанаар тарваган тахал, хачгаар дамжих халдварууд, боом зэрэг зоонозын гаралтай халдваруудыг орон нутагт шууд оношилж, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах бүрэн боломжтой боллоо. Эдгээр аппаратыг аймаг, орон нутгаас PCR-ийн сургалтад ирсэн эмнэлгийн болон ЗӨСТ-ийн ажилтнуудад хүлээлгэн өгөв.