Хоногтоо 27-30 гаруй мянган хүнд шинжилгээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээ авах үйл ажиллагаа нийслэлд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр 12 мянган хүнийг шинжлээд буй талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ЭМЯ-ын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "ХӨСҮТ-ийн лаборатори их ачаалалтай байгаа. ЗӨСҮТ-ийн болон явуулын лабораториуд ч гэсэн ачаалалттай ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэдийг ямар нэг байдлаар чирэгдүүлээгүй, ирсэн бүх сорьцоо шинжилж байгаа" хэмээн тодотгов.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэлдээ, "ХӨСҮТ-ийн 2 болон ЗӨСҮТ-ийн лабораторийг оролцуулаад бид хоногтоо 27-30 гаруй мянган шинжилгээ авч байгаа. Ийм хүчин чадалтай, ийм хэмжээний шинжилгээг бид 3 лабораторидоо хангалттай хийж, 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа.
Өнгөрсөн шөнө гэхэд 27 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Энэ дотор ойр байсан 1600 хүнийг шинжилсэн. Шинжилгээ хийх, авахад хүлээлгэж, саатаж, саатуулж буй явдал байхгүй, ийм ойлголт байж болохгүй. Мөн явуулын 2 лаборатори зэрэг ажиллаж байгаа" гэдгийг дурдаж байв.
Харин Замын-Үүд дэх нөхцөл байдлыг ЭМЯ-наас хэр анхаарч үзэж байна вэ? Импорт, экспортын тээвэртэй холбоотойгоор БНХАУ-ын тал манай лабораторийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн яриа байна. Энэ хэр бодитой зүйл вэ гэсэн асуултад "Замын-Үүдэд УОК-оос ажлын хэсэг ажиллаж, гарч буй асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байгаа" гэж хариулсан юм.