А.Амбасэлмаа:Коронавирусний эмчилгээний 10 баг бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны 17.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүст ямар эмчилгээ хийсэн бэ?
А.Амбасэлмаа: Анх гуравдугаар сард коронавирусний халдвар бүртгэгдэхэд түүнийг Ч.Чинбаяр
эмч эмчилсэн. ХӨСҮТ-ийн эмч нартаа заавар зөвлөгөө өгч, туршлагатай эмч нараа
бэлдсэн. Эмчилгээний нэг баг эмч, сувилагч, асрагч, ариутгагч гэсэн 4 хүний
бүрэлдэхүүнтэй 10 баг бий. Эмчилгээг ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжийг сахиж,
дэлхийн жишгийн дагуу хийж байгаа. Өвчилсөн хүмүүст вирусний эсрэг эм өгч,
дархлаа дэмжих эмчилгээ хийж байгаа. Мөн уушгины хатгаатай бол антибиотикийн
эмчилгээ хийдэг.
-Шинэ тохиолдлууд ихээр нэмэгдэж байна. Халдварууд хаана гарсан зэргийг задалж, нарийн хэлэх боломжтой юу?
А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод өнөөдөр 5 тохиолдол бүртгэгдсэн. Тавуулаа өмнө гарсан халдварын голомтод байсан, ойрын хавьтлын хүмүүсээс вирус илэрсэн. Өмнө нь зарлаж байсан караоке, цайны газраар үйлчлүүлсэн хүмүүсийн дунд мөн халдвар илэрч байгаа. Коронавирусний голомтод байсан, ойрын болон дам хавьтлын хүн өөрсдөө бидэнд хандахгүй бол олон нийтэд зарлана.
-Энхсаран сувилал ажиллаж байгаа юу. Анх Энхсаран сувилалд байсан жолооч Д халдвар авсан тухай мэдээлэл байхдаа. Гэхдээ үүнээс өмнө алдчихсан юм биш үү гэсэн хардлага бий?
Д.Нарангэрэл: Улаанбаатар хот болон аймагт кластер өвчин гарсан. Голомтод байсан, хавьтал хэмээн үзсэн 9540 хүнийг тусгаарлан шинжилгээ авахад 135 хүнээс вирус илэрлээ. Ойрын хавьтлуудыг сайн илрүүлэх нь нийт хүмүүст халдвар тархахаас сэргийлж буй гол ажил юм. Энхсаран сувиллыг бүрэн хаасан байгаа.
-Коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яах вэ?
А.Амбасэлмаа: Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд маш яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Ойрын өрхийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-ийн 100, 119, 80086829 дугаараар дуудлага өгч болно.
-ХӨСҮТ-д халдвар авсан хэдэн эмч, сувилагч байна вэ?
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн 10 хүн халдвар авсан. Ер нь бол эрүүл мэндийн салбарынхан халдварын голомтод ажилладаг тул мэргэжлээс шалтгаалах өвчинд тооцдог. Хамгаалах хувцаснаас эхлээд бусад зүйлээс шалтгаалсан байж болно. Тиймээс энэ асуудалд дүгнэлт хийж, эмч ажилтнуудаа хамгаалах бүхий л ажлыг хийж байгаа. ХӨСҮТ 200-гаад их эмчтэй. Одоо 10 баг ээлжээр ажиллаж байна.