Мөнгөн болон хүрэл донороор хоёр иргэн өргөмжлөгдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-09-03 15:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй "Цусаа бэлэглэх өдөр"-өөр "Мөнгөн донор" болон "Хүрэл донор" энгэрийн тэмдгийг тус бүр нэг хүн гардан авлаа.


Цус, сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Цус болон цусан бүтээгдэхүүнээ 100-гаас олон удаа өгсөн тохиолдолд "Мөнгөн донор", 70-аас олон удаа өгсөн хүнийг "Хүрэл донор" хэмээн өргөмжилж энгэрийн тэмдэг, гарын бэлгээр шагнадаг юм байна.


ЦССҮТ-ийн санаачилгаар 4 жилийн өмнөөс "Бахархал 10”, “Бахархал 20” болон 30, 40, 50 тэмдгээр тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг урамшуулдаг. Энэ өдөр 5 хүн "Бахархал" тэмдгээр энгэрээ мялаажээ. Мөн энэ жилээс хоёр болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад "Цусны донор" гэдгийг илтгэх, цусны бүлгийг нь бичсэн тэмдэг гардуулж байгаа аж.



ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр” "Бид "Улаанбаатар смарт карт" ХХК-тай хамтран ажиллаад 6 дахь жил болж байна. Цусны донорууд автобусанд суухдаа тусгай картаа уншуулахад "цусны донор" гэж дуугарах нь тухайн донор хүнд бахархалтай байдаг төдийгүй давхар цусаа бэлэглэх үйл ажиллагааг дэмжин, сурталчилж байгаа хэрэг. Зарим хүмүүс сар бүрийн 3-нд л цусаа өгдөг гэсэн буруу ойлголттой байдаг. Харин энэ өдөр цусаа бэлэглэх үйлсийг нийгэмд таниулах зорилготой юм" гэлээ.


Бахархал тэмдгээр шагнуулсан доноруудыг нэг сарын турш автобусанд үнэгүй зорчих эрхтэй смарт картаар урамшуулсан бөгөөд тус компани, ЦССҮТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийлэв.


Мөн 35-аас олон удаа цусаа өгсөн нийслэлийн "Хүндэт донор"-ууд автбусаар хөнгөлөлттэй үнээр зорчих эрхтэй юм байна.



Энэ өдөр "Мөнгөн донор" өргөмжлөл хүртсэн А.Чинзориг: "Хүний амь нас аварч, донор болохыг хүсээд 2010 оноос хойш цусаа өгсөөр 100 дахь удаа болж ийм хүндтэй тэмдэг гардлаа. Улмаар “Алтан донор” болно” хэмээв.


Ташрамд сонирхуулахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар "Алтан донор" - 7, "Мөнгөн донор" - 39, "Хүрэл донор" – 113, "Бахархал" тэмдэгтэй 200 гаруй донор байдаг.

関連ニュース