О.Сэргэлэн: Монгол Улс элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-аа амжилттай хийж, элэг шилжүүлэн суулгах багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслол тус эмнэлэгт боллоо.
Элэгний эмгэг эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах, бүрэн эрүүл болгох ганц арга нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бөгөөд Монголд гурав хоногоос гурван сарын настай нийт 98 хүнд 100 удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хийж эхэлснээс хойш хамгийн бяцхан эмчлүүлэгч нь ой найман сартай байсан бол ахимаг настан нь 62 настай эмчлүүлэгч байсан аж.
УНТЭ-ийн Элэг шилжүлэн суулгах
багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч,
АШУ-ны доктор профессор О.Сэргэлэн шинжлэх ухааны салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний
аргыг нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон, Монгол Улс өнөөдөр
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр дэлхийд эхний гуравт бичигдэж байгааг онцоллоо.
Тэрбээр, зорилгынхоо хүрээнд мэс заслыг амжилттай нутагшуулах, мэс заслын улмаас өрхийн санхүүд учирч буй хүндрэлийг бууруулах зэрэг зорилтыг тавьсан. Дэлхийн хөгжсөн орнуудад элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хийж байгаа бүх технологийг нэвтрүүлж, нутагшууллаа. Донорын эрсдэлгүй байдлыг 100 хувь хангасан, мөн эдийн засгийн үр нөлөөг харвал элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсноор улсын төсөвтөө 23 тэрбум төгрөгийг үлдээсэн талаар хэллээ.
Тодруулбал, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний 65 сая төгрөгийг улсын төсвөөс, 20 саяыг өндөр өртөгтэй багаж, тоног төхөөрөмжийн даалтгалаас гаргадаг бол хувь хүн 7-10 сая төгрөг төлдөг болсон нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээв.
Анх 2011 оны 9 дүгээр сарын 24-нд Монгол Улсад амьд донороос элэг
шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвийн эмч нартай
хамтран амжилттай гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн
суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн байна.
С.Туул