Коронавирусээр 124 мянган хүн шинээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар дэлхийн хэмжээнд 124 мянган хүн шинээр өвчилж 3000 гаруй хүн нас баржээ.
Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулбал өвчлөл 2000, нас баралт 300 гаруй тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Шинээр өвчлөгчдийн
зонхилох хэсэг нь АНУ-д 23 мянга, Бразилд 14 мянга, Энэтхэгт 15 мянгаар нэмэгджээ. Эдгээр улс
орон өвчлөлийн хэмжээгээрээ эхний гуравт
орж байна.
ДЭМБ-аас өчигдөр коронавирус эрчимтэй тархах аюултай үедээ
ирснийг анхааруулсан байна. Бээжингийн Шинфати захад гарсан хүнсний ногоо, жимс
жимсгэнээс коронавирус илэрснээс гадна ойролцоо байрладаг барилгын ажилчдаас мөн
халдвар илэрсэн учраас барилгын ажлыг зогсоожээ. Коронавирусний халдвар бусад
улс оронд эрс нэмэгдэж байгаа энэ үед иргэд амны хаалт тогтмол зүүх, гараа
сайтар савандаж угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг хэрэгжүүлэх хэрэгтэйг дээрх хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.
Манай улсын хувьд
орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын төв эмнэлгийн 11 эмч, ажилтан
ажиллаж, 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй
байна.
Сүүлийн 24 цагийн дотор
119 дугаарт 161 дуудлага ирснээс ихэнх нь коронавирусний эмнэлзүйн шинж тэмдгийн
талаар зөвлөгөө мэдээлэл авчээ. Шуурхай дуудлагын 119 апплекэйшнд АНУ, Швед,
Канад, ОХУ, Малайз зэрэг орноос манай улсын 9 иргэн холбогдож коронавируст халдварын
клиник эмчилгээ, оношилгооны талаар зөвлөмж авчээ.