В, С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээг 158 мянган хүнд хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-06-16 12:54:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн II шатны хүрээнд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1 сая 90 мянга 656 хүн В, С вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.

  

Өнөөдөр дэлхий дээр вируст хепатитын архаг халдвартай 520 сая хүн байгаа бөгөөд жил бүр 1 сая 45 мянган хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас амиа алдаж байна.


Монгол Улсын хувьд ч уг халдвар тулгамдсан асуудлын нэгд зүй ёсоор орж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад хепатит В, С вирусний архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байна.


Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  гишүүн орны хувьд “Вируст хепатитын эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатит вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг багасгах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2017 онд В,С вирусний халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулжээ.


Харин 2018 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дугаар шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусний илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний  зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн. Үр дүнд нь 2019 онд В, С вирусний халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695 мянга гаруй хүн хамруулахаас 510 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Ийнхүү тус хөтөлбөрийг энэ онд ч амжилттай хэрэгжүүлж байгаа юм.



“Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2020 оны II шатны баталгаажуулах шинжилгээнд энэ сарын 15-ны байдлаар 6012 хүн хамрагдсан бол В, С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээг 158 мянга 688 хүн хийлгэсэн байна. Энэ шинжилгээнд Улаанбаатар хотоос 775 мянга 36 хүн, баталгаажуулах шинжилгээнд 2400 хүн тус тус хамрагдсан бол Орхон аймагт 51653 / 195, Дархан-Уул аймагт 43322 / 218, Баян-Өлгий аймагт 37170 / 369, Увс аймагт 30185 / 157 байгаа нь хамгийн олон хүнээ үзлэгт хамруулсан аймгууд болж байна. Харин Дундговь 15335 / 149, Говьсүмбэр 7758 / 43 байгаа нь хамгийн цөөн хүн хамруулсанд тооцогдож байгаа аж. 

関連ニュース