Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах тухай даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч 10 дугаар сарын 15-ны өдөр дүнг танилцуулахыг үүрэг болгов.
Сумдын Засаг дарга нарт сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчин өрх бүрээр малын хашаа саравч уст цэгийг засварлуулж тохижуулах, түлээ түлш, өвс тэжээлийг нөөцлүүлэх, өвлийн хувцас хэрэгслэлийг засварлуулах зэргээр өвөлжилтийг сайтар хангуулах ажлыг орон нутгийн хэмжээнд өргөн далайцтай зохион байгуулах, ЗДТГ-ын нөөцөнд түймэр унтраах PЛО үүргэвчин ус шүршигч усны сав хүрз гэх гар багаж хэрэгслийг бүрдүүлэн бэлэн байдлыг хангах, хүн осолдох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй барилга байгууламжийн зураг төслийг зохиох явцад эрчим хүчний байгууллагаас санал дүгнэлт авч зураг төсөлд тусгахыг даалгалаа.
Мөн аймгийн ХХААГ-ын дарга Ч.Баасанжавд нөөцийн өвс тэжээлийг бэлтгэх ажлыг эрчимжүүлэн өвс худалдаж авах ажиллагааг яаравчлах, түүнд шаардлагатай хөрөнгийн тооцоог гаргаж шийдвэрлүүлэх, сум бүрийн отрын бүс нутгийн жил заагийг эртнээс тэмдэгжүүлэн хамгаалах, мэдээллийг малчид болон нийт иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах, нөөцийн өвс тэжээлийг хадгалах борлуулах асуудлыг журамлах үүргийг өглөө. “Эх голомтын илч” ХХК-ийн захирал Ч.Өсөхбаярт өвлийн нүүрсний нөөцийг хангалттай бэлтгэх, дулааны шугам сүлжээнд үзлэг хийж засварлах, БСГ-ын дарга А.Амгаланбаатарт сургуулийн хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, сурагчдын долоо хоногийн болон улирлын амралтаар харгалзах хүнтэй баталгаатай тээврийн хэрэгслээр явуулах, “Ундарга” компанийн захирал Б.Булганчимэгт ундны усны аюулгүй байдлыг хангах, цэвэр бохир усны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхийг онцолж даалгалаа.
Л.Булган
コメント