Татварын өршөөлийг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-24 13:31:18

УИХ-ын чуулганы Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газар уг хуулийн төслийг хоёр өдрийн өмнө өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ  нэн яаралтай дэгээр хэлэлцэж байгаа юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг УИХ энэ жил баталсан. Гэхдээ хуулийн үйлчлэх хүрээ энэ сарын 31-нээр дуусгавар болох гэж байгаатай тул хугацааг сунгах асуудлыг үүгээр оруулж ирж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ямар хуулийн шаардлагаас хамаарч орлогоо нууж байна вэ гэдгийг судалж, жагсаалт гаргах уу” гэсэн асуудлыг тодруулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар тус хуулийн хэрэгжилтээр мэдээлэл хийх үед УИХ-ын гишүүдээс ийм саналууд гарсан. Иймд мэдээллийн дагуу холбогдох судалгаа хий гэсэн үүргийг өгөөд байна. Ямар хуулинд өөрчлөлт тусгах вэ гэдгээ яриад ойрын хугацаанд асуудлыг оруулж ирнэ” гэсэн тайлбарыг хийсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Татварын нуугдсан орлогын хувьд ярих юм алга. Харин энэ хуулиар авлига өршөөгдөж байх шиг байна. Хууль бусаар олсон орлогоо мэдүүлээд байгаа юм биш биз” гэсэн асуудлыг хөндсөн. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Хууль бус, хууль ёсны гэж асуухгүйгээр бүртгэж авах нь энэ хуулийн концевц” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Батцогт, “Хуулийг дэмжиж байна. Хэн нэгний өршөөх гэхээсээ улс орны эдийн засгийг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн хууль гэсэн том утгаар нь асуудлыг харах хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдыг энэ хуулинд хамруулах хэрэгтэй. Надад бол нуусан хөрөнгө алга. Ийм хуулийг бид дахин дахин батлахгүй гэдэг утгаар нь эдгээр алба хаагчдыг хамруулах асуудлыг ярих хэрэгтэй байна. Түүнчлэн хугацааг нь 2 дугаар сарын 20 гэж оруулж ирсэн байна. Шинэ жил, цагаан сар гэсэн амралтууд үргэлжилсээр байгаад хамрагдах хүсэлттэй аж ахуй нэгжүүд хоцорчих юм биш биз” гэлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “ХОМ мэдүүлдэг алба хаагчдыг хамруулах шаардлагатай гэвэл энэ асуудлыг нэгдүгээр сард Засгийн газарт оруулах боломжтой” гэв. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Үүгээр үдийн цайны цаг болсон чуулганы хуралдаан түр завсарлав.

Б.Туул

関連ニュース