Ипотекийн зээлд хамарсан иргэдийн тоо 76583-д хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-23 14:56:28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаарх Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээллийг сонслоо.

Банкууд энэ оны 11 дүгээр сард нийт 1075 зээлдэгчид 69.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3412.9 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 76583-д хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.1 нэгж хувиар, оны эхнээс 23.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 27.1 нэгж хувиар буурсан байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 11 дүгээр сарын байдлаар 2.5 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.7 байгаа аж.

Энэ үеэр орон сууцны 8 хувийн хүүтэй зээл болон зээлийн босгыг 10 хувьд барих асуудлаар гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нараас тайлбар авсан юм. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдийн асуултад хариулахдаа орон сууцны 8 хувийн зээл зогссон гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ төв банкны Ерөнхийлөгчийг цаашид хариуцлагагүй ажилласаар байвал огцруулах хүртэл асуудлыг өргөн барина гэсэн юм. Гишүүдийн дийлэнх бага дунд орлоготой иргэдэд зориулсан энэхүү хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, "Иргэд орон сууцтай болно гэдэг нь үл хөдлөх хөрөнгөтэй болно гэсэн үг. Зээл авах боломж нь тэр хэмжээгээрээ тэлнэ. Бид  иргэдэд бэлэн мөнгө тараах биш орон сууцтай болгох л гол асуудал. Хамгийн гол нь нөхцөл сайтай зээл байх шаардлагатай. 8  хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээл нь бусад орнуудтай харьцуулахад сайнд тооцогдохгүй. Бараг л арилжааны зээлтэй адил хүүтэй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө Монголын төрд ажиллаж байгаа бүх хүн оюун ухаанаа уралдуулах ёстой. Орон сууцны зээлийг тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй" гээд Засгийн газар, Монголбанк ажлын уялдаа холбоогоо сайжруулах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн хэлэлцэж буй асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болов.

Б.Туул

関連ニュース