“Хичээлийн шинэ жил” өдөрлөгийн хүрээнд 70 гаруй хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-29 23:26:47
Дархан-Уул “МОНЦАМЭ”. 2018-2019 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” “Шинэ амьдрал” ТББ, “Шинэ үе нөхөрсөг групп” фэйсбүүкийн хамт олон хамтран Дархан сумын дөрөвдүгээр сургууль дээр Хичээлийн шинэ жил өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалалд эцэг, эх, асран хамгаалагчын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний осол эндэгдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, хууль тогтоомжийг танилцуулахын зэрэгцээ бусад заавар зөвлөмжийг өгөв.

Өдөрлөгт Дархан сумын 1,2,3 багийн зорилтот бүлгийн өрхийн 70 гаруй хүүхэд багачууд хамрагдсан. Зохион байгуулагч байгууллагууд хамтран хичээлийн шинэ жилийг тохиолдуулан дэвтэр, үзэг, бал зэрэг хичээлийн хэрэглэгдэхүүнийг гардууллаа.

Тус өдөрлөгт хамрагдсан хүүхэд багачууд хийгээд эцэг, эхчүүдэд иргэний мэдэх эрхэнд үндэслэн зарим хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах зөвлөгөө, гарын авлагыг Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтэн, алба хаагчид өгсөн юм.

Хууль, тогтоомж сурталчлан таниулахаас гадна тус өдөрлөгт хамрагдсан эрэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үс засуулах эрхийн бичгийг мөн гардуулжээ.
 

Л.Отгонбаатар
 

Related news