ДАРХАН-УУЛ: Жимс, чимэглэлийн модны тарьц, суулгац 2000-40000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-10 16:38:10

Дархан, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөр, бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа Дархан захад болж байна.


Үзэсгэлэн худалдаагаар алим, лийр, чавга, интоор, мойл, бөөрөлзгөнө, улаалзгана, нарс, шинэс, гацуур, голт бор, тошлой зэрэг жимсний болон чимэглэлийн 20 гаруй нэр төрлийн модны тарьц суулгац худалдаалагдаж байна.


Нэг модны суулгац 2000-40.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн чиглэлээр 16 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж байгаагаас ойн мэргэжлийн зургаан байгууллага мод тарих үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.




Өнгөрсөн хаврын тарилтаар мод үржүүлгийн газарт ургуулж, бойжуулж буй 2.2 сая тарьц суулгацын нөөц байгааг БОГ-аас өмнө нь мэдээлсэн. Намрын мод тарих хөдөлгөөнд дээрх үр, суулгацын нөөцөөс гаргаж ийнхүү худалдаалж байна.


Зөвхөн мод, суулгац худалдаалахаас гадна иргэдэд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн ААНБ ямар хөрсөнд ямар төрлийн мод, бут тарих, ямар орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх, арчилгаа их болон бага шаарддаг модны төрөл,  жимс, жимсгэнийн модны үр шимийг нь хэдий хугацаанд хүртэх зэрэг зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

 

Related news