Ажил хайгчдын 6,1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:41:23

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар, агентлаг, ХБИ-ийн ТББ-ууд хамтран өдөрлөг зохиолоо.

Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд зарласан уралдааныг дүгнэж, шагналыг гардуулав. Шалгаруулалтын гол үзүүлэлт нь тэднийг ажлын байраар хангасан, ажиллах орчин нөхцлийг сайжруулсан байдал юм. Тус аймгийн тухайд өнгөрсөн онд 142 иргэнийг ажлын байраар хангасан бол энэ онд 177 болж ажил хайгч иргэдийн 6,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.  Иймд ХБИ-дэд ээлтэй аймаг болох зорилт бага ч болов үр дүнгээ өгсөн гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Төртайван ярьж байсан.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сангаас жижиг зээл авсан иргэдийн бүтээгдэхүүн болон бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсаны гадна “Бид баялаг бүтээж чадна” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн нь олны сонирхлыг ихэд татав.

Дорнод аймаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-д өргөн барихаар болжээ.

74 мянган хүн амтай тус аймагт өнөөдрийн байдлаар 5000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн статистик бий.

Б.Туяа

Related news