Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийн 72.5 хувь нь ажлын байртай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-06-21 16:39:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв /СЗСҮТ/, БНСУ-ын Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадвар олгох институттэй хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойн баярын хурлыг өнөөдөр Хөвсгөл зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд СЗСҮТ-ийн эрхлэгч Б.Алтмаа хэлэхдээ, “БНСУ-аас сургалтын орчинг сайжруулан компьютерийн хоёр лаборатори тохижуулж өгсний ачаар 2017 онд Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл технологийн уралдаанд Компьютер, хэвлэл дизайны ангийнхан амжилттай оролцсон. БНСУ техник технологи, үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг болохоор компьютер, орчин үеийн тоног төхөөрөмжөөр харамгүй тусалдаг. 2017-2018 оны хичээлийн жилд 116 суралцагчийг 7 мэргэжлээр 10 ангид элсүүлэн сургаснаас нэг жилийн сургалттай ангийг 41 сурагч амжилттай төгссөн. Мөн хоёр сурагч сарын хугацаатай БНСУ-д оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадвар олгох институтын гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дарга Шин Гүү Саб, “БНСУ-ын Samsung, LG зэрэг том компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах сонирхол ихтэй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгуулагууд ч гэсэн тийм болоосой гэж хүсэж байна. Бид сурагчдаа нийгэмд байр сууриа олсон, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг болгохын тулд сургалтын шинэ аргачлал, хөтөлбөрүүдийг санаачилж цаашдаа ч Монгол Улстай эргэх холбоотой ажиллах болно” хэмээв.

СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь /МБУЧОС/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн боловсрол олгож, тэдэнд харилцаа, амьдрах ухаан, бизнес аж ахуй эрхлэх, англи хэл, биеийн тамир, эрүүл мэнд болон мэргэжлийн технологийн хичээлийг онол, дадлага хослуулан заадаг юм. Түүнчлэн дотуур байр, эрүүл мэндийн үзлэг оношилгоо зэрэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Нийт төгсөгчдийн 72.5 хувь нь ажлын байртай болсон бөгөөд хичээлийн танхим 9, компьютерийн лаборатори 2, дадлагын газар 5, хурлын заал болон номын сантай.
 
 Б.Халиун
 
 

Related news