Нээлттэй Засгийн түншлэлийн ажлын биелэлтийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-23 14:42:02
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нээлттэй Засгийн Түншлэл байгууллага үйл ажиллагааны Үндэсний II төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцлээ.

Манай улс 2011 онд  Нээлттэй Засгийн Түншлэл байгууллагын гишүүнээр элссэнээс хойш 2016-2018 онд нээлттэй засгийг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд 13 зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлэх амлалт авсан юм.

Форумд дээрх төлөвлөгөөг батлахад оролцсон иргэний нийгмийн болон олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл, төрийн албан тушаалтнууд оролцож, зорилт тус бүрээр илтгэл хэлэлцүүлэв. Таван үндсэн сорилтод багцлан авч үздэг дээрх зорилтуудаас төрийн үйлчилгээг сайжруулах сорилтын хүрээнд хийсэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах гар утасны аппликэйшн, шилэн дансны системийг сайжруулах ажлууд  хөндлөнгийн шинжээчдээс өндөр үнэлгээ  авч үргэлжлэн хэрэгжиж байгаа гэж Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгч Л. Төр-Од онцоллоо.

Монгол Улсын хувьд Байгалийн баялгийг ашиглах бенефициал өмчлөгчийн мэдээллийн ил тод байдал зорилтын хүрээнд уул уурхайн хайгуулын болон олборлолтын лицензтэй 2225 компанийг Ерөнхий сайд ахалдаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгтгэн 1500 гаруй аж ахуйн нэгж жил бүр тайлангаа гаргаж өгдөг болсон нь том дэвшил юм гэж уг санаачилгын Ажлын албаны зохицуулагч Ш. Цолмон хэлсэн юм.  Харин АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г. Баасан “Бид Авлигатай тэцэх үндэсний хөтөлбөр батлах зорилтоо биелүүлсэн хэдий ч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүг ямар арга замаар хэн аваад зарцуулаад байгаа нь ойлгомжгүй. Төрийн албан тушаалтан ТББ-тай ашиг нэгдмэл сонирхолтой байдаг тул хяналт тавихад маш түвэгтэй байдаг” гэж шүүмжлэв.

Иргэдийн сайн мэдэх www.ebarimt.mn , 1111 утас, шилэн данс зэрэг төслүүдийг олон нийтийн оролцоог дээшлүүлэх арга механизм болгон Нээлттэй Засгийн Түншлэлийн Үндэсний I ба II төлөвлөгөөний хүрээнд Засгийн газар хийж хэрэгжүүлжээ. Дараагийн төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдээс санал авах, төрөөс аливаа төсөл, хөтөлбөр боловсруулахад иргэний нийгмийн саналыг заавал тусгах агуулгыг хэрхэн бий болгох талаар форумд оролцогсод онцлов. 

Тус байгууллага эгнээндээ 96 улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргааг нэгтгэдэг. Нээлттэй Засгийн Түншлэл байгууллага нь төр засгийн ил тод байдлыг хангах, засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, шинэ технологи нэвтрүүлэх замаар  хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгын дор нэгдсэн сайн дурын олон талт санаачилга юм.
А. Алимаа
Related news