Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийг “Гэр бүлийн өдөр” болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-18 18:32:50
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж сар бүрийн дөрөв дэх долоо хоногийг  “Гэр бүлийн өдөр” болгон зарлалаа.
“Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуусын дуу хоолойг орон нутгийн удирдлагуудад хүргэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах болсон гэж албаны хүн онцлов.
“Гэр бүлийн өдөр”-тэй болох дээрх шийдвэрийн дагуу сумдын Засаг дарга нар өөрийн харьяа нутгийнхаа хэмжээнд гэр бүлийн өдрийг захирамжаар батлах, хүүхдийг хүндэтгэж сонсох, аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд гэр бүлийг өргөнөөр оролцуулах зэрэг үүрэг хүлээж байгаа бол аж ахуй нэгжүүд дэргэдээ эцэг эхийн зөвлөлтэй байх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийг идэвхжүүлэх, улс аймгийн хэмжээнд зохион байгуулдаг уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ.
Гэр бүлийн өдөртэй болсноор эцэг эхчүүд хүүхдүүдээ тавих анхаарал сайжирч, хүүхэд залуусын хөгжил хамгаалал, оролцоо нэмэгдэж гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх алхам болох аж.
Х.Эрдэнэбулган      

Related news