Сайншандынхан амралтын өдөр спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-08 09:12:33
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын иргэд өнгөрөгч амралтын өдрүүдийг спортоор өрсөлдөж цагийг үр ашгтай өнгөрөөв. Сумын ЗДТГ-аас “Сайншанд марафон” бүх нийтийн гүйлт, "Сайншанд цом-2018" унадаг дугуй сонирхогчдын тэмцээнийг тавдугаар сарын 06-нд тус тус зохион байгууллаа.
"Хотын соёлыг дэлгэрүүлэх жил"-ийн ажлын нэг, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, иргэдийн бие бялдрыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан гүйлтийн тэмцээнд Сайншанд сумын  долоон багийн 280 гаруй иргэн оролцлоо.
Тэргүүн байрт гуравдугаар  багийн иргэн  Н.Ган-Эрдэнэ, дэд байрт  гуравдугаар багийн иргэн Э.Эрдэнэням, гутгаар байрт хоёрдугаар багийн иргэн Х.Болдсайхан нар тус тус шалгарсан бол гүйлтийн тэмцээний  хамгийн ахмад оролцогч дал гаруй настай Л.Сундуй, хамгийн бяцхан оролцогч нь С.Од нар байлаа. Сайншанд марафон тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд тэмцээнд иргэдээ олноор оролцуулсан багаар  гуравдугаар багийн иргэд шалгарч "Шилжин явах цом"-ын эзэд болов.
Харин дугуйн спортыг иргэдэд сурталчлах, иргэдийн спортоор хичээллэх идэвхийг дэмжих зорилгоор зохион байгуулсан тэмцээний насанд хүрэгчдийн төрөлд “Зүтгэх хүч” дугуйн клуб, өсвөр насны төрөлд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль тус тус багийн дүнгээр тэргүүн байрт шалгарав.
Дашрамд дурдахад орон нутгаас бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцлийг бий болгох, дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор Сайншандын Ар дэнжээс төмөр замын дөрөвдүгээр баг хүртэл  дугуйн зам барих ажлыг энэ онд эхлэхээр болжээ.
 
Х.Эрдэнэбулган
Related news