Гэр бүлийн талбайтай болохоор шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-04 15:48:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр багийн иргэд оршин суугаа газартаа гэр бүлийн талбайтай болно.
Аймгийн ЗДТГ-аас хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гэр бүлийн талбай байгуулах шав тавилаа. Гэр бүлийн талбай нь явган хүний замтай, сүүдрэвчтэй, ногоон байгууламжтай, усан оргилууртай төдийгүй хүмүүсийн амралт зугаалга, тав тухыг хангасан шийдэлтэй байх аж.
Энэхүү байгууламжийн санхүүжилтийг тус аймагт тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн даах бөгөөд ирэх долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна.
Сумын иргэд гэр бүлийн талбайтай болсноор хүүхэд өсвөр насныхан тоглох газартай, залуус чөлөөт цагаа тав тухтай орчинд өнгөрөөх, хөгшид нарлан суух газартай болно.
Дашрамд дурдахад тус аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт xот суурин газрын өнгө үзэмжид нөлөөлөхүйц, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж талбай байгуулж, шинэчлэл хийхээр тусгасан аж.
Х.Эрдэнэбулган
Related news