Хотын соёлыг дэлгэрүүлэх жилийн ажлын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-25 11:59:27
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 оныг “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил” болгон зарласан жилийн ажлын нээлт дөрөвдүгээр сарын 23-нд болов. Энэ удаа хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” зэрэг аяныг  хоёр дахь удаагаа зарлаж буйгаа аймаг, сумын удирдлагууд тодотгож байлаа.
Аяны хүрээнд иргэдийн оролцоог хангах, өв соёл, түүхээ хайрлан хамгаалах түгээн дэлгэрүүлэх, оршин байгаа газартаа тохилог орчныг бүрдүүлж  сайхан амьдрах иргэдийн санаачилгыг дэмжих зэрэг томоохон зорилтыг тусгаад байгаа юм.
Мөн мод, төмөр хийцээр өнгө үзэмжтэй хашаа хийх, байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан жорлон барих зэрэг иргэдийн бодимт оролцоог хангасан олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Аяны нээлтэд Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага аж ахуй нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа. Мөн Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагчид “флаш моб” бүжиг, нэгдүгээр сургуулийн охидын “Сондор” хамтлаг бүжгийн, Сайншанд хотын найм, есдүгээр цэцэрлэгийн багачууд бөмбөгтэй, өсвөрийн тамирчид дугуйн спортын үзүүлбэр үзүүлсэн юм.
Аянд амжилттай оролцсон байгууллага иргэдийг мөнгөн шагналаар урамшуулахаар болов.
Нээлтийн арга хэмжээнд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр  болон албаны  бусад хүмүүс оролцов.
Өмнө нь 2017 онд  Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж дээрх аяныг зохион байгуулж байсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news