Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хамгийн тохиромжтой газар нь Хонгор сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-23 20:32:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас 20 км зайд орших “Газар Агро” эрчимжсэн мал ахуйн фермерийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж туршлага судаллаа. Газар тариалан түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү фермерийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус аж ахуй нь үнээний махны чиглэлийн фермер ажээ. Гол онцлог нь малын өвс тэжээлээ фермер дотроо тариалан бэлтгэж үр тариагаа дэргэдээ боловсруулдаг аж. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна өдөр бүр мал шинэ зөөлөн өвс тэжээл идэж хоол боловсруулах системд ачаалал бага өгөх, жинг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтайг фермерийн ажилчид дурдлаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Монгол Улс сүүний хэрэглээнийхээ 80 хувийг гадаадаас хангаж байна. Хуурай сүүний үнэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зарагдаж буй дундаж үнэтэй адил. Гэтэл манай улс олон сая малтай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж сүүний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь бэлтгэх бүрэн бололцоо байгаа. Манай аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд бүтэц, байршил, ажиллах хүчний бололцоо зэргээрээ хамгийн тохиромжтой газар бол Хонгор сум учраас цаашид энэ чиглэлийг барьж эрчимтэй судалгаа хийсний үндсэн дээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж иргэдээ ажилтай орлоготой болгоход анхаарч ажиллана" гэлээ.

2000 га-г хамран байрлах тус фермер одоогоор төл малтайгаа нийлсэн, герфорд, цагаан толгойт, аангуус гэсэн үүлдрийн 700 орчим үхэртэй. Усалгааны асуудлыг дэд бүтцээр шийдэж өгсөн. Жилийн 4 улиралд цахилгаан худгаас малаа усаар хангадаг байна.

Бяруу 300 кг хүрсэн үедээ хээл авах боломжтой болдгоороо онцлогтой бөгөөд үржлийн тухайд 100 хувь зохиомол хээлтүүлгийн аргыг ашигладаг ажээ.
 
Л.Отгонбаатар

Related news