Гурван жилийн хугацаанд 29 нэгдсэн хогийн цэгийг цэвэрлэж, зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-22 23:08:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ЗДТГ-аас хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд бүх нийтийн цэцвэрлэгээ зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Дархан сумын 18 багийн засаг даргын зүгээс нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдээ татан оролцуулж хот доторх хогийг цэвэрлэжээ.
Харин их, дээд, мэргэжлийн сургуулиудын оюутнууд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн байна.
Мөн Хөдөлмөр Халамж Үйчилгээний  газраас ажил хөдөлмөр эрхлэдэггүй 120 иргэнийг түр ажлын байраар ханган уг ажилд хамруулсан ажээ.
Түүнчлэн сар бүр хүнсний талонд хамрагддаг 1200 орчим өрхөөс 400 иргэн нэг өдөр үнэ төлбөргүй ажиллаж хоггүй хотынхоо төлөө нэгдэж өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна.
Бүх нийтийн  их цэвэрлэгээний сүүлийн өдөр буюу 22-ны өдөр Дарханчуудын ундны эх булаг Хараа гол орчмын хогийг цэвэрлэлээ. Энэхүү ажилд аймаг, сумын ЗДТГ-ын алба хаагчид болон боловсролын салбарын 540 гаруй багш, ажилчид нэгдэн оролцжээ.

Дархан хотыг тойрсон зориулалтын бус хогийг цэгүүд үүссэн байдаг. Энэхүү хогийн цэгүүдийг иргэдийн буруутай үйлдлээс үүдэн бий болсон гэж үздэг.  Гэр хороолол, алслагдсан хорооллын зах орчим, хогийн цэгийн ойролцоо үүссэн төвлөрсөн хогийн цэгийг устгах ажил хийгдэж ирсэн бөгөөд нийтийн их цэвэрлэгээний үр дүнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 29 нэгдсэн хогийн цэгийг устгалд оруулж газрыг нь тэгшилжээ. Харин одоо 6, 7, 8-р багт ахин шинээр хогийн цэг үүссэн байна. Мөн Ширээ нуруунд хэдэн гуу жалга дамнан үүссэн хур хогийн цэгийг цэвэрлэх асуудал хамгийн хүндрэлтэй байгааг сумын удирдлагууд онцолж байна. Их цэвэрлэгээний ажилд иргэн бүрийг идэвхтэй оролцож хоггүй эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалахын зэрэгцээ зөвшөөрөлгүй цэгт хог хаясан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгжийг 3 сая, иргэнийг 300 мянга хүртэлх төгрөгөөр торгодог болсныг анхааруулж иргэд, ААНБ-ын төлөөлөлд зөвлөмж өгч ажиллалаа.
 
Л.Отгонбаатар

Related news