"Хүн амын ахуйн үйлчилгээ 2020" дэд хөтөлбөрийг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-11 15:08:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар "Хүн амын ахуй үйлчилгээ 2020" дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 44.3 хувь нь оршин сууж буй юм. Хүн амын хэт төвлөрөлтөөс шалтгаалан иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ахуйн үйлчилгээний  хүртээмж, чанарыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дэд хөтөлбөрийн төслийн танилцуулгын үеэр дурьдлаа.

Тэрбээр, “Энэхүү хөтөлбөр нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэд чанартай үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлэх, ахуйн үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлэх, нэр төрлийг нэмэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна” гэв.

НИТХ-ын Тэргүүлэгчид хөтөлбөрийн төслийг дахин боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, буцаалаа. Мөн хөтөлбөрт оруулсан орчин үеийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийг олон улсын жишгийн дагуу бэлтгэх зэрэг асуудлыг нарийн тусган, ойрын хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин танилцуулахыг үүрэг болголоо.
Ч.Ариунболд
Related news