Шарын гол сум Дархан хоттой хатуу хучилттай замаар холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-15 21:32:58
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй дөрвөн байршил бүхий газрын зам, гүүрний асуудлаар уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Дархан-Шарын гол чиглэлийн 47,97 км авто зам (24.72 у.м төмөр бетон гүүрний хамт), Хонгор сумаас Салхит баг хүртэлх 13.1 км авто зам болон Дархан хотын доторх Шинэ-Хуучин Дарханыг холбосон 5.7 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Энэхүү хүсэлтийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ дээрх төслүүдээс Шинэ-Хуучин Дарханыг холбосон 5.7 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж байгуулах төслийг дэмжиж шийдвэрлэхээ илэрхийлсэн бол Шарын гол сумын 47,7 км замын хувьд Сангийн яамаар дамжуулан Кувейтийн санд хандах аймгийн Засаг даргын саналыг дэмжиж, уг асуудлыг ЗТХЯамнаас Сангийн яаманд уламжлахаар тохиролцсон байна.

Ингэснээр 2019 он гэхэд Дархан-Шарын гол чиглэлийн зам хатуу хучилттай болж стандартын шаардлагад нийцсэн гүүр ашиглалтад орох, Шинэ хуучин Дарханыг холбосон зам үргэлжлэн баригдахаар болжээ.
Дархан Шарын голыг холбох автозам олон жил яригдаж зураг төсвөө хийж байсан ч биеллээ олж байгаагүй. Энэ удаад аймгийн засаг дарга С.Насанбат харъяа яамны сайдтай уулзсанаар ийнхүү биеллээ олохоор болсон ажээ.
 
Л.Отгонбаатар 

Related news