Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах журам баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-28 20:28:11
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалт болон хууль зүйн сайдын 2015 оны а/190” дүгээр тушаал, түүний 2 дугаар хавсралтаар батлагдсан “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам” болон “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын төслийг өнөөдөр баталлаа.

Манай аймагт 2012 оноос хойш хүн амын тооны өсөлт харьцангуй бага байгаа ч автомашины тоо дөрөв дахин нэмэгдэж, авто замын ачаалал ихэссээр байна.

Тиймээс энэхүү байдлыг үндэслэн аймгийн Цагдаагийн газраас оруулсан саналын дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 100 дугаар тогтоолоор “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр байршуулах хашаа ажиллуулах асуудлыг шийдвэрлэсэн боловч захиргааны ерөнхий хуулийн 62.2.-т “нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” хэмээн заасны дагуу уг тогтоолыг хүчингүй болгож, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг  гурван удаа зохион байгуулсан юм. 

Энэхүү журмын зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа тухай аймгийн Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг хэллээ.
Гуравдугаар сараас эхлэн замын тэмдэг тэмдэглэгээ хийх, иргэд олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг эхлэх ажээ.
 
Л.Отгонбаатар

Related news