Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойн хүрээнд хийх ажлаа төлөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-27 18:06:41
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой ирэх сарын 6-ны  өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан МСНЭ-ийн Дархан салбар энэ оны анхны хурлаа хийж ойг угтсан зарим үйл ажиллагаагаа төлөвлөлөө. Тус хуралд урилгаар МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр, Гүйцэтгэх захирал Э.Болортулга нар оролцож МСНЭ-ийн 17-р их хурлын талаарх товч мэдээлэл өглөө.
Энэхүү салбарын томоохон орон зайг 21 аймгийн хэвлэл мэдээллийнхэн эзэлдэг. Дархан-Уул аймгийн тухайд гишүүнчлэл олон, нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй болон өөрсдөө идэвх санаачлгаар тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Нохой жилийн эхний хурлаар Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн хүрээнд зохион байгуулах ажлаа хэлэлцлээ.
Уламжлал болгон зохион байгуулдаг тус ойн хүрээнд сүүлийн 3 жил тасраад байсан спортын тэмцээнийг сэргээх, цаашид тогтмол зохион байгуулах спортын төрлийг нэмэгдүүлэх, залуу сэтгүүлчдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах, Цусны төвтэй хамтран сайн дураараа цусаа хандивлах зэрэг ажлуудыг энэ удаад зохион байгуулахаар төлөвлөжээ. Цус хандивлах аяныг сүүлийн 3 жилийн турш зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн Дархан хотын хэвлэл мэдээллийн салбарынхан эв нэгдэлтэй гэдгээрээ бусад аймгуудад үлгэр дууриалал болж байдаг тухай нэгдсэн эвлэлийн төлөөлөл албан ёсоор мэдэгдсэн.
Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойн хүрээнд болсон тус хурлын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа МСНЭ-ийн гишүүн Мөнхсайханы Гантулга, Батмөнхийн Цогбадрах нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан байна.

Хурлын дараагаар Цасны баяр тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгууллаа. Тус баярт МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр, гүйцэтгэх захирал Э.Болортулга нар оролцлоо.
 
Л.Отгонбаатар

Related news