Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг говийн сумдад ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:55:47

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баянлиг,  Баянговь, Богд,  Жинст,  Баянхонгор сумдад ажиллав.

Тус аймгийн 20 сумын 104 багийн иргэдэд тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтын талаар жил бүр уламжлал болгон танилцуулдаг болсон. Ажлын хэсгээс аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийжээ.

Мөн Баянхонгор аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх хөгжлийн бодлогын боловсруулах үндэслэл, алсын хараа, бодлогын үндсэн 7 чиглэлийг тус сумдын 29 багийн 3000 гаруй иргэдэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, газар дээр нь хариу өгч ажилласан байна.

Түүнээс гадна УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутагт хэрэгжүүлж буй  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, төлөөлөгчид тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа зэрэгт санал асуулга авах, мөн аймгийн ИТХ болон тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр шалгаж, дүгнэжээ.

Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдээс давхардсан тоогоор 351 иргэн санал хүсэлтээ тавьж, сонирхсон  асуултандаа хариу авсан байна.

Б.Мөнхзул

 

Related news