Дорноговийн гурван багш, 30 сурагч Японыг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-10-16 22:49:29
Дорноговь /MОНЦАМЭ/. Энэ оны аравдугаар сарын 16-наас Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн гурван багш, ахлах ангийн тэргүүний 30 сурагчийн хамт Шизүока мужийг зорьж байна.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока мужид аялах багш, сурагчид болон эцэг эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж багш, сурагчдад улс орон, аймаг нутгаа төлөөлж яваа учир хариуцлагатай хандаж, сурагч бүр соёлтой, идэвхтэй байж, нэг хамт олон болж явахыг захив.
Тэдний аяллын зардлыг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн ЗДТГ, “Дорноговь Их Хөгжил Сан” хамтран шийдвэрлэжээ.
Монгол Улсын Дорноговь аймаг, Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны эхлэл 2010 онд тавигдсан бөгөөд  өнгөрөгч таван жилийн хугацаанд сурагч солилцооны чиглэлээр Дорноговь аймгаас Японд 197 сурагч, 12 багш аялсан бол арлын орноос тал нутагт 50 сурагч аялжээ.
Мөн  боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дэд бүтэц, төр захиргааны салбарын 60 гаруй алба хаагч богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн байна.
Харин дараагийн таван жилийн  хамтын ажиллагааны гэрээг  энэ оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид  Японы Шизүока мужид зочлохдоо үзэглэсэн байдаг. Гэрээгээр сурагч солилцооны хөтөлбөр, боловсрол, дэд бүтэц зэрэг өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг үргэлжлүүлэн тодорхой түвшинд хамтран ажиллахаар тохиролцсон.
Х.Эрдэнэбулган
Related news