“Сумаа сурталчилъя - сониноо захиалъя” болзолт уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-10 16:30:23
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн 7 хоног тутмын тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сонины редакциас “Сумаа сурталчилъя-сониноо захиалъя” болзолт уралдааныг зарлалаа.
 
Хэнтий аймгийн бүх сум, тосгоны төрийн болон төрийн өмчит байгууллагууд, иргэд, малчдыг хамруулахыг зорьсон тус уралдаан энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн он дуусталх хугацаанд үргэлжлэх юм байна.
 
Монгол Улсын “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн дагуу сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдэд мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх, хөдөөгийн иргэд хөдөлмөрчдөд “Хэнтийн мэдээ” сонин, сэтгүүлийг таниулах, захиалуулах ажлыг идэвхжүүлэх нь тус уралдааны гол зорилго аж.
 
Оны төгсгөлд тухайн сум цаг үеийн мэдээллээ “Хэнтийн мэдээ” сонин, сэтгүүлд хэрхэн нийтлүүж, иргэдэд мэдээллээ хүргэж, хамтран ажилласныг, 2017 оны 2,3,4-р улирлын турш сумынхаа шуудан холбоогоор дамжуулан тус сонин, сэтгүүлийг хичнээн тоогоор нэмэгдүүлж, захиалуулсан байдлаар эрэмбэлж, байр эзлүүлэн урамшуулах юм байна.
 
Хэнтий аймгийн хэмжээнд Хэнтий телевиз, Хэнтий радио, Өндөрхаан телевиз,  Хэнтийн мэдээ сонин, X NEWS сэтгүүл, Тольдсуу сэтгүүл, Эхорон21.мн, Khentii.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

“Хэнтийн мэдээ” сонины хувьд 2011, 2013 онд хоёр удаа “Монгол Улсын шилдэг орон нутгийн сонин”-оор шалгарч байсан, 7 хоног бүр аймгийн төв болоод хөдөө сумдын уншигчдад мэдээллээ цаасан хэлбэрээр хүргэдэг онцлогтой орон нутгийн тогтмол хэвлэл юм.
 
Тус сонин улиралд 12 дугаар хэвлүүлэн уншигчдадаа хүргэдэг бөгөөд “Монгол шуудан” ХХК-ийн аль ч салбараар 6000 төгрөг төлөөд захиалах боломжтой юм байна. 
Д.Одонтунгалаг
Related news