Хэнтий аймгийн УЗХ тусламж дэмжлэгээ хүргэсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-18 16:13:12
Хэнтий /МОНЦАМЭ/. МУЗН-ээс хөдөө орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд Хэнтий аймгийн сумдын гал түймрийн сүүлийн 5 жилийн судалгааг үндэслэн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумдад 15 хүний бүрэлдэхүүнтэй “Олон нийтийн оролцоотой гал унтраах баг” байгуулжээ.

Улмаар сум тус бүрт 13 сая төгрөг, нийтдээ 26 сая төгрөгийн галын иж бүрэн багаж хэрэгсэл, хамгаалалтын хувцас, галын сараа, усан хөөрөг зэргийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн хөдөө орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд 4 сая төгрөгийн санхүүжилтээр Баян-Овоо сумын 1 малчны бүлэгт 1000 малын багтаамжтай хашаа, саравчийг бариулан, хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн наймдугаар сарын 7-ны өдөр хүчтэй аадар бороонд Хэрлэн сумын 2, 3-р багийн 1000 гаруй өрх үерт автсанаас нэн тэргүүнд тусламж шаардлагатай шалгуур үзүүлэлт хангасан 106 өрхийн судалгааг МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөрт хүргүүлээд байна. Мөн УЗХ-нд байгаа нөөцөөсөө 100 өрхөд хувцасны тусламжийг аймгийн Засаг даргын орлогчоор дамжуулан олгожээ.

Хүүхэд залуучуудад хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлэх, Өсвөрийн Улаан Загалмайн сурагчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Баян-Овоо сумдын ЕБС-ийн нэгдүгээр ангийг “Хүмүүнлэгийн танхим” болгон тохижуулах ажлыг зохион байгуулж  байгаа аж.

Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос “Гамшгийн эрсдэлийг даван туулах” ажлын хүрээнд зудад нэрвэгдсэн Хэнтий аймгийн 11 сумын 275 малчин өрхөд 67,375,000 төгрөгийн бэлэн мөнгөн тусламжийг Хаан банкаар дамжуулан олгожээ.

Түүнчлэн Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны хорих 419-р ангид хүмүүжиж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй болон ар гэрийн эргэлт ирдэггүй 63 хүнд 568.000 төгрөгийн хувцасны тусламж үзүүлсэн байна. 
 
Д.Одонтунгалаг

Related news