Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах явган аяллын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-14 13:41:14
Хэнтий /МОНЦАМЭ/. "Эзэн Чингис хааны өлгий нутагт тавтай морил" уриан дор 2017 оны насанд хүрэгчдийн Хэнтий аймгийн аварга шалгаруулах явган аяллын тэмцээнийг Дадал суманд зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас жил бүр зохион байгуулдаг тэмцээн уралдааны графикийн дагуу тус тэмцээн явагдаж, 7 сумын 50 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний өдрүүдэд тамирчид Дадал сумын байгалийн дурсгалт газруудаар аялж, олон төрлийн уралдаан зохион байгуулж өрсөлдсөнөөс Биндэр сум багийн дүнгээр тэргүүлж, дэд байранд Баян-Овоо сумын баг, гутгаар байранд Дадал сумын баг тамирчид тус тус шалгарчээ.

Сонирхуулахад, Хэнтий аймгийн Дадал сум нь Эзэн Чингис хаан, Их Монголын түүхийн нууцыг хад чулуу, үндэс мөчир бүртээ онголон хадгалсан нутаг гэгддэг бөгөөд  Дэлүүн болдог, Хажуу булаг, Чингисийн хөшөө зэрэг түүхэн дурсгалт газрууд олонтой, аялал жуулчлал хөгжиж буй онцлог сум юм.
Д.Одонтунгалаг
 
Related news