“Хөдөлмөр” зуслан ажиллуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-05 18:50:37
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон ажиллуулдаг “Хөдөлмөр” зусланг энэ зун Биндэр сумын сайн малчин Шагдарын Эрдэнэбаатарынхыг түшиглэн гаргажээ.
 
Тус зусланд Биндэр, Дадал, Хэрлэн сумдын 20 гаруй хүүхдүүд хамрагдсан байна. Энэ үеэр ГБХЗХГ-ын сургагч багш нар хөтөлбөрийн дагуу тэмцээн уралдаан зохион байгуулснаас гадна, “Хүүхэд хамгааллын тухай ойлголт, хүүхдийн тусламжийн 108 утас”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн хөдөлмөр”, “Гамшгийн үе дэх хүүхэд хамгаалал” зэрэг сэдвээр хичээл заажээ. Мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтууд буюу “Харилцаа”, “Уураа барих бусдыг ойлгох”, “Өөртөө итгэх итгэл”, “Шийдвэр гаргах ур чадвар”, “Төлөвлөлт, цагийн менежмент” зэрэг нийт 14 цагийн хичээлд хамруулсан байна.

“Хөдөлмөр” зуслангийн хамгийн чухал хэсэг нь малчин айлд туслан амьдрах ур чадварт суралцсан явдал байсан аж. Уг үйл ажиллагааг ДЗМОУБ-ын Бор-Өндөр2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр санхүүжүүлэн ажиллажээ.
  Д.Одонтунгалаг
 
Related news