Хоггүй Чингис хот болох аян үргэлжилсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хотынхон хоггүй, эрүүл, эко орчинд аж төрөх хүсэлтэй байгаагаа удирдлагууддаа удаа дараа илэрхийлснээр “Хоггүй Чингис хот" болох үе шаттай ажлууд хийгдсээр байна.
Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн "Чингис хотын хог хаягдлын шинэ менежмент"-ийн хүрээнд Чингис хотын хуурай хог хаягдлыг бүрэн татан авч зайлуулах, Төвлөрсөн хогийн цэгийг шинэчлэх, Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болох ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Чингис хотын 7000 гаран өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хогны татан авалт сар бүр бүрэн хийгдэж хэвшжээ. Мөн 10 гаруй жил болж буй Чингис хотын төвлөрсөн хогийн цэг 60 гаруй га газар тархсан, урин дулааны улиралд тус хотын төвд өмхий үнэртэх, хавар хуурай хог хаягдал тархах зэрэг сөрөг нөлөө ихтэй байсан юм. Энэ цэгийг булж дарах ажил ид хийгдэж байгаа бөгөөд удахгүй дуусна хэмээн хотын удирдлагууд мэдээллээ. Тэд НХХЯ-аас зарласан төсөлд шалгарч Чингис хотоос хойш 8 км газарт (Цогт Өндөр) шинэ хогийн цэг байгуулахаар болсноо мөн дуулгасан юм.
Хоггүй Чингис хот болох аяны гуравдугаар шатанд хотын удирдлагууд “Сектик" ХХК-иар хуурай хог хаягдал боловсруулах үйлдвэр бариулахаар төлөвлөөд байна.
Дашрамд дурдахад 2017 оны наймдугаар сарын нэгнээс эхлэн Чингис хотын хог хаягдлыг "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ бүрэн хариуцдаг болсон аж.
Д.Одонтунгалаг