Мөрөн сумын Эрүүл мэндийн төв 80 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-21 17:30:27
Хэнтий /МОНЦАМЭ/. Өгөөж баян Өндөрхаан хайрханыг өөртөө багтаасан үүх түүхийн өлгий Хэнтий аймгийн Мөрөн суманд Эрүүл мэндийн төв байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Тэртээх 1937 онд Мөрөн нутагт хүний бага эмчийн салбар байгуулагдаж, нутгийн уугуул бага эмч Шайрий хэмээх Гомбо тус эмнэлгийн анхны тулгын чулууг  тавьсан түүхтэй. Улмаар 1975 оноос хүний их эмчийн салбар болон өргөжиж,  эрхлэгчээр нь Э.Чүнсрий  ажиллаж байжээ.

71 жилийн түүхтэй тус эмнэлэг 2008 оноос Мөрөн сумын уугуул  Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, доктор, профессор Сариг Боржигин овогт Цэндийн Хайдавын нэрэмжит болжээ. Харин 2012 оноос  Эрүүл мэндийн төв болон өргөжиж,  Их эмч-2, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч, Багийн бага эмч-1, Эх баригч бага эмч, Дүн бүртгэгч бага эмч, Сувилагч-5, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, Үйлчлэгч-2, Жолооч, Тогооч, Галч-4 гэсэн орон тоотойгоор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай  явуулж байна.

 Тус хамт олноос Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүл Мэндийн Тэргүүний ажилтан, ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр 20 гаруй албан хаагч шагнагджээ. Мөн 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 ортой 2 давхар эмнэлгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тохилог орчинд, түргэн шуурхай үзүүлж байна.  Мөрөн сумын Эрүүл мэндийн төв нь өнгөрсөн 2016 онд ЭМЯ-аас 5 дахь удаагаа магадлан итгэмжлэгджээ.
 Д.Одонтунгалаг
Related news