Агуулахын өрөөнд нь 10 сая долларын үнэтэй уран зураг хадгалагдаж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-07-26 13:56:39
ЛОНДОН./BBC/. Америкийн рок хөгжимчин Элис Купер гэрийнхээ агуулахын харанхуй өрөөнөөс зураач Энди Уорхолын зурсан мартагдсан нэгэн уран зургийг олжээ. Уг зураг аялан тоглолтын тоног төхөөрөмжүүдийн дунд 40 гаруй жил хадгалагдаж байсан байна.

Э.Купер 1970-аад онд өөрт нь бэлэглэж байсан Уорхолын “Бяцхан цахилгаан сандал” гэдэг бүтээлийг зүгээр л ор тас мартчихсан байсан аж.

“Тэр цаг үе бол рок-н-роллын цаг үе байсан болохоор бидний хэн нь ч тэр үед өөр зүйл боддоггүй байсан” хэмээн Э.Куперын менежер Шэп Гордон ярьжээ.

Уорхолын дээрх уран зургийн өөр нэгэн хувилбарыг 2014 онд Нью-Йоркт болсон Christie’s дуудлага худалдаагаар 10,5 сая доллароор зарсан аж.



Их Британийн “Guardian” сонинд бичсэн, агуулахын өрөөнөөс олдсон уран зураг нь Уорхолын “Үхэл, цөхрөл” цувралын нэг хэсэг нь бөгөөд уг уран зургийг 1970-аад оны үед тоглолтын эд зүйлсийн хамт хуйлаад хийчихсэн байжээ.

Чухамхүү тэр үед Э.Купер, Э.Уорхол хоёр танилцсан байна.

“Тэр үе бол хар тамхи, архидалтын их үе байсан” хэмээн Шэп Гордон дүрслэн ярилаа. Түүний хэлснээр, Э.Купер найз бүсгүй Синди Лангийн хамтаар Нью-Йоркт нүүж ирээд тус хотын “Studio 54” гэдэг шөнийн клубт Э.Уорхолтой анх танилцаж байжээ.

Дараахан нь Синди Ланг Э.Уорхолын уран зургийг өөрийнхөө нэр дээр 2500 доллароор худалдаж авахыг Шэп Гордоноос гуйсан ба уран зургийг Э.Куперт төрсөн өдрөөр нь бэлэглэх гэж байжээ.

“Элис уран зургийн талаар Уорхолтой ярьж байснаа санаж байна гэж ярьдаг юм. Үнэн хэрэг дээр ийм зүйл болсон гэж яг баттай гэж хэлж чаддаггүй” хэмээн Шэп Гордон Guardian сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Гэсэн хэдий ч дээрх уран зураг хаа байгааг Э.Купер өөрөө биш харин түүний ээж нь олж мэджээ.

“Элисийн ээжтэй би ярилцсан, тэрбээр уг зураг агуулахад л байх ёстой гэсэн” хэмээн Ш.Гордон CNN-д яриад "уг уран зургийг олох гэж бараг хагас жил болсон" гэлээ.

Түүний ярьснаар, 1970-аад онд энэ бүтээл төдийлөн үнэтэйд тооцогддоггүй байсан, учир нь тэр үед “Энди Уорхол нэр алдартай Энди Уорхол болж амжаагүй байсан” гэнэ.

Дээрх уран зураг эх хувь мөн болохыг Уорхолын уран бүтээлийг судалдаг шинжээч Ричард Полски баталсан байна.

“Р.Полскийн дүгнэлтийг уншаад Элисийн царай ямар болсон гэж санана. Тэрбээр алмайран амаа ангайн гацчихсан, тэгж байснаа надаас “За больдоо! Нээрээ энэ тэгээд минийх гэж үү дээ!” гэж асуусан” гэж Ш.Гордон ярьжээ.
О.Барс 

 

Related news