Цэргийн начин Г.Бадрах: Барилдахаар дэвжээнд гарахдаа нутгийн уул овоондоо сүсэглэн залбирдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-05 10:25:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголчууд хүү төрвөл бөх болно хэмээн бэлэгддэг эрийн хийморьтой эрхэмсэг ард түмэн билээ. Дээлийнх нь ар гандсан ч үл тоох халхын сайхан уяачид, дэвжээнийх нь өвс зулгарсан ч өвдөг шороодоогүй босоо хүчтэнүүд, тавьсан сум нь байнаасаа төөрч үзээгүй харваачидтай Монгол наадам айсуй. Энэ удаад шинэхэн цэргийн начин, Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн бөх Ганцогтын Бадрахыг онцолж байна. Тэрбээр 18-хан настайдаа Батширээт сумын 60 жилийн ойн шигшээ барилдаанд түрүүлж сумын заан цол, 2015 онд олноо “босоо” хэмээн алдаршсан Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд 7 давж, тойргийн заан цол хүртсэн. Хэнтий аймгийн өсвөрийн бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, Самдан аваргын нэрэмжит өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлсэн, Улсын аваргад Хэнтий аймгаа төлөөлөн 2 удаа амжилттай оролцож байсан тамирчин юм. Хүчтэний өлгий Хан Хэнтий нутгаас төрсөн их аваргуудын залгамж халаа болон ид барилдаж байгаа түүнд нутгийн түмэн олон итгэл хүлээлгэн дээлийнх нь захыг мушгиж буй.
 
Ургийн овог: Тоодог
Төрсөн он: 1994.04.17
Биеийн өндөр:187см
Биеийн жин:120кг
Харъяалагддаг клуб, байгууллага: Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0164 дүгээр анги
 
- Юуны өмнө Бүх цэргийн наадамд амжилттай барилдаж, цэргийн начин цол хүртсэнд баяр хүргэе? Хэн хэнтэй учраа таарч хүч үзэв ээ?
-Баярлалаа. Бүх цэргийн наадамд нэгийн даваанд Ховд аймгийн харъяат а/а Ш.Мөнх-Од, хоёрын даваанд Дорноговь аймгийн харъяат хурц а/а Ё.Эрдэнэжаргал, гурвын даваанд Хөвсгөл аймгийн харъяат а/а Г.Батням, дөрвийн даваанд Сүхбаатар аймгийн харъяат хурц а/а Б.Номиндалай, тавын даваанд Налайх дүүргийн харъяат хурц а/а Ц.Бямба-Очир нарыг давж, цэргийн начин цол хүртлээ. Их баяртай байна.
- Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаасан бэ? Наадмын бэлтгэлдээ гарсан уу?
- Бэлтгэлээ Хилийн цэргийн хилчин спорт хороо Улсын начин Н.Бүрэнбаатар, Улсын арслан Э.Оюунболд нарын удирдлаган дор хийж байна. Хан Хэнтий аварга дэвжээн дээрээ наадмын бэлтгэл сургуулилтандаа гарсан.
- Г.Бадрах маань хэзээнээс барилдаж эхлэв? Танайд бөхийн удам бий юу?
-Хүүхэд байхаасаа л үеийнхэнтэйгээ барилдаж ноцолдож өссөн. 10 настай байхдаа МҮБХолбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтран “Аваргын гараа” өсвөрийн хүүхдийн барилдаан зохион байгуулагдахад нь барилдаж үзүүрлэн мөнгөн медаль хүртэж байсан. Манай өвөг эцэг нутаг орондоо барилддаг, уран гоё гараа дэвээтэй Тоодогийн Зундуй гэж хүн байсан гэсэн. Ээжийнх нь аав Ш.Цэрэндорж гэж сумын начин цолтой их барилдаанч хүн байсан. Ш.Цэрэндорж өвөөгийнх нь дээд өвгүүд бие томтой сайн бөхчүүд байсан гэдэг.
- Яагаад үндэсний бөхийн спортыг сонгон хичээллэх болов? Өөр спорт сонирхдог уу?
-Манай аавыг Г.Ганцогт гэдэг. Батширээт сумын ҮБХ-ны тэргүүнээр ажилладаг. Ээж маань эрүүл мэндийн салбарт 30 гаран жил ажиллаж байгаа ЭМТА Ц.Наранцэцэг гэж хүн бий. Одоо Батширээт сумандаа ажиллаж амьдарч байна. Миний аав хүүхэд байхаасаа үндэсний бөх сонирхдог байсан. Мөн сумандаа үндэсний бөхийн холбоо байгуулан сар бүр бөхийн барилдаан зохион байгуулдаг, тэр болгондоо намайг барилдуулдаг байлаа. Миний хувьд спортын мастер Д.Жаргалсайхан багшийн удирдлаган дор гар бөмбөгийн дугуйланд явдаг байсан. Волейболын спортын нэгдүгээр зэрэг 2012 онд хүртсэн. 
- Бөхийн багш нарынхаа тухайд?
-Олон сайхан багш нартай. Улсын начин Алдар спорт хорооны багш Ш.Зоригт, МУГДасгалжуулагч, Хасумегават клубын чөлөөт бөхийн багш Ц.Баярсайхан, Хилчин спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагч багш Улсын начин Н.Бүрэнбаатар, Улсын арслан Э.Оюунболд зэрэг багш нарын гараар орж хүмүүжиж явна.
- Сүүлийн үеийн заалны барилдаануудад тогтмол хүч үзэж байгаа харагддаг. Өдөрт хичнээн цаг бэлтгэл сургуулилт хийдэг вэ?
- Өдөр бүр үндэсний бөхийн болон хүчний бэлтгэл, чөлөөт бөхөөр барилдаж бэлтгэлээ хангадаг даа.
- Шинэхэн Цэргийн начны уран мэх юу вэ?
-Шуудагнаас шахаж татах, баруун зүүн мордох зэрэг мэхийг голдуу хийдэг.
-Үндэсний бөхийн спортоор хичээллэхэд хамгийн их дэмждэг хүмүүсийнхээ тухай яриач? Тэд юу гэж хэлж захидаг вэ?
-Дэмжиж тусалдаг хүмүүс гэвэл “Альфа моторс” ХХК-ийн захирал Ч.Ганхуяг, “Хасумегават” ХХК–ийн захирал Ж.Түмэн-Аюуш,  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар, аав ээж, Хэнтий нутгийн маань зон олон байна даа.
- Хамгийн сонирхолтой барилдаан өрнүүлж байсан наадам, барилдаанаа дурсвал?
-2015 оны 5 дугаар сард бөхийн өргөөнд 200 гаран сумын заан тойргоор барилдаж, 7-р байранд орж байсан.
- Цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ?
- Цаашид цолоо ахиулан барилдах, Төрийнхөө их наадамд түрүүлэх зорилготой.
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй улсын цолонд хүрч нутгийн түмнээ баярлуулах болтугай.
-Тэр ерөөл бат оршиг ээ.
Д.Одонтунгалаг
Related news