Б.Хүрэлзүрх: Их салхитай үеэр хогийн цэг шатаад нөхөртэйгээ шөнөжин манаж байсан үе бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-13 13:52:24
Хэнтий /МОНЦАМЭ/ Залуус дуугүй зогсоод тодорхойлолтоо аваад гардаг байсан бол одоо тодорхойлолт бичих зуур багаас юу хийх гэж байна, ямар ажиллагаа болох гэж байна гээд асуудаг болсон. Залуусын оролцоо нэмэгдэж байгаа нь бидний ажлын үр дүн, би мэргэжлээрээ ажиллаж байгаа хэмээн ихийг хийж, бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн яваа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг дарга Б.Хүрэлзүрхтэй ярилцлаа.

-Таныг багийн даргаар ажиллахад тохирсон мэргэжлийн хүн гэж сонссон. Мэргэжил боловсрол, ажлын туршлагаасаа хуваалцаач?
-Би ШУТИС-ийг Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр төгссөн. 2006-2008 онд Хүүхдийн төлөө төвийн Сургалт мэдээллийг хариуцсан арга зүйчээр ажиллаж, ажлын гараагаа эхлүүлж байлаа. 2009-2011 онд Хэрлэн сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Эдгээр байгууллагуудад байхдаа иргэд, багуудтай хамтарч ажиллаж байсан нь баг дээр ажиллахад ойр байж, намайг чадваржуулсан. Магадгүй шууд багт ажилласан бол дутагдалтай талууд гарах байсан гэж боддог. 2011 оноос 5-р багийн зохион байгуулагч, 1-р багийн нийгмийн ажилтан, 2-р багийн нийгмийн ажилтан хийж байгаад багийнхаа Засаг дарга болсон.
Хүмүүсийн ихэнх нь багийн Засаг даргыг тодорхойлолтонд гарын үсэг зураад л сууж байдаг гэж ярьдаг. Баг ажлын нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Багийн төв төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж. Иргэд хамгийн түрүүнд баг дээрээ ирдэг. Зарим иргэд тодорхойлолт авах болохоор л баг дээр ирдэг учраас багийг зөвхөн тодорхойлолт өгдөг гэж ойлгодог. Байнгын үйлчлүүлэгчид болох 45-аас дээш насныхан бидний ажлыг маш сайн ойлгодог. Иргэд хог хаягдал, нохой устгал, хаягжилт, тог, ажлын байр, төсөл хөтөлбөрт хамрагдмаар байна, түлээ мод, хүнсний зүйлээр туслалцаа үзүүлээч гэх зэргээр бидэнд их ханддаг. Багаас бүх суурь судалгаанууд гардаг. Саяхан гэхэд сургуульд элсэн орох 6 настай хүүхдүүдийн судалгаа авсан. Улсаас зохион байгуулдаг хүн амын тооллого, сонгууль гэх зэрэг томоохон ажлуудыг анхан шатны нэгж гэсэн утгаар баг хариуцан ажилладаг.
Багийн дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэсэн гуравхан хүн ажиллаж байгаа. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ?
-Бид нар тус тусдаа ажлын чиг үүрэгтэй. Гэхдээ чиний ажил гээд орхидоггүй, ажлаа хувааж аваад зохицуулаад явдаг. Ажлын ачаалал маш их. Сум 4000 орчим хүнтэй, сумын дарга, тамгын газар, мэргэжилтнүүд, хэсгийн байцаагч гээд тус тусдаа асуудал хариуцсан хүмүүс байдаг. Гэтэл манай баг 3700 гаруй хүн амтай, 3 ажилтантай. Төвийн баг дээр гуравхан хүн сумын дайтай ажлыг хийдэг. Намар түймэр их гардаг. 1, 2-р ээлжийн хүмүүсийг дууддаг, тэгээд хүн дутагдвал иргэдээсээ оролцуулдаг. 2001 онд 5-р багт ажиллаж байхад их салхитай үеэр хогийн цэг шатаад нөхөртэйгээ шөнөжин манаж хонож байсан. Чингис хотын иргэдийг гал түймрийн аюулаас хамгаалж, шөнөжингөө манаж хонож байлаа. Цаг тутамд ОБГ-т мэдэгдэнэ. Салхинд гал алдвал хойноосоо түймэр орж ирэх байсан. Тэгээд л өглөө нь ажилдаа явж байлаа. Ганц бие хүн нас барахад баг оршуулгын үйл ажиллагааг зохих ёсоор нь хийдэг. Морг хүнээ ирж ав гээд баг руу л ярьдаг. Гандан дээр очиж ном уншуулаад, цагаалга хийнэ. Ер нь яриад байвал маш их зүйл байдаг.
-Та мэргэжлээрээ ажиллаж байгаадаа бахархах, бас бэрхшээх үе байдаг уу?
-Багийн даргаар ажиллахад маш олон иргэдтэй харьцдаг. Гудамжаар явахад хүн болгон мэндлэнэ. Төрийн хүн гэсэн утгаар манай багийн дарга явж байна гээд их хүндлэлтэй ханддаг нь үнэхээр сайхан. Бэрхшээлтэй нь гэвэл архины хамааралтай болсон хүнийг сургалтад хамруулж өгөөч, ямар нэгэн хүчирхийлэлд өртлөө туслаач, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулж чадахгүй байна, түлээ модгүй болчихлоо, сургуулиас завсардчихлаа гээд иргэд маань зовлон жаргалаа маш их ярьдаг. Өдөр нь хүмүүсийн ярьсныг орой нь бодно, заримдаа бүр зүүдэлдэг. Тэр бүрийг сонсоод заримдаа стрестдэг.
-Та иргэдийнхээ жаргал зовлонг хуваалцаж, багт зургаа, долоон жил тасралтгүй ажилласан байна. Ажиллах хугацаандаа баг хамт олон, иргэдтэйгээ хамтраад шийдсэн ямар асуудлууд байдаг вэ?
-Би иргэдийнхээ асууж, хэлж, ярьж байгаа зүйлүүдийг аль болох шийдэх, болгохын төлөө хичээдэг. 1-р багт ажиллаж байхдаа Оргилмаа гэдэг өрх толгойлсон, өөрийн гэсэн орон гэргүй эгчийг нэлээн олон байгууллагатай хамтарч ажиллаад байртай болгож байсан. Нар сар гэрэлтсэн айлын байшинд хэдхэн сартай хүүхэдтэйгээ амьдарч байсан. Зураг авах гээд зогсоход л гар чичрээд, их тохьгүй санагдсан. Тэгээд бараг балгас болсон байсан банкны байрыг янзлаад гэрчилгээтэй болгож өгсөн. МСҮТ-ийн захиралд санал тавиад хүүхдүүдээр дотор заслыг хийлгэсэн. ЦТСС, ОБГ руу хандаад тогтой болгож, цэнэглэдэг тоолуур тавьсан. Сумынхаа ЗДТГ-ын ажилтнуудад хандахад буйдан, хувцас хунар өгсөн. Оргилмаа эгч одоо тэндээ амьдарч байгаа. Хааяа тааралдахаараа мэндлээд өнгөрдөг. Монос эмийн санд хүсэлт тавиад 90-ээд хүүхдэд 5-6 төрлийн витамин өгч байсан. Баг өөрөө төсөвгүй болохоор хэн дэмжиж болохоор байна тэр газрууд руу ханддаг. Хувь иргэд, байгууллагууд хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс цагаан сараар тавган идээ, хувцаснууд өгдөг, хүнсний туслалцаа үзүүлмээр байна гээд ирэхэд нь чадах чинээгээрээ иргэдтэйгээ холбож өгдөг. Зарим нь баярлалаа гээд утсаар ярьж байдаг.
-Багийн дарга өдөрт хичнээн гарын үсэг зурж, хэдэн хүнд мэдээлэл өгч ажилладаг вэ? Он гарсаар багтаа зохион байгуулж байгаа онцлог ямар ажил байна вэ?
-Өдөрт 30-100 гарын үсэг зурдаг. Цэцэрлэг эхлэхэд 2-5 насны хүүхдүүдийн Тойрох хуудас, сургууль эхлэх болохоор банкны зээл авахад тодорхойлолт авах гээд зарим үед ачаалал маш их байдаг. Өдөртөө хамгийн багадаа 30 хүн ирж уулздаг. Одоо гэхэд энэ сарын 29-30-нд болох хаврын цэрэг татлагад багийнхаа 220 иргэнд зарлан тарааж байна. Заримдаа өдөржин холбоочин болж өдөртөө 150-160 хүнтэй утсаар ярьдаг. Маргааш тийм юмтай гээд ажил тарж байхад хэлчихээр оройжингоо утасдаад л, фэйсбүүкээр холбогдоно, шөнө болсныг анзаарахгүй ярих тохиолдол их байдаг. Заримдаа хүмүүсийг унтаж байхад нь утсаар ярина. Бүр 23 цаг өнгөрчихөөд байна гэхэд нь цагаа харах тохиолдол ч байлаа. Булгийн 11, 15 дугаар эгнээнд “Бидний гудамж” төслийг хэрэгжүүлэх талаар иргэдтэй уулзсан. Энэ үеэр Хэнтийн мэдээ сониноос аялуулж байгаа Ухаалаг дэвтрийг иргэдэд гардуулж өгсөн. Иргэд их дэмжсэн. Иргэдтэйгээ хамтран гудамжаа тохижуулах, хашааны өнгийг жигдхэн будах, хаягжуулалт хийхээр ярилцсан. Будах материал, хэрэгслийн зардал төсвийг дэлгэрэнгүй гаргаад, айлуудыг хэдний өдөр ямар ажил хийх төлөвлөгөө гаргаж, 2 эгнээний иргэдийн дунд уралдаан болгон зарлаж, идэвхтэй оролцсон, сайн ажилласан иргэдийг шалгаруулна. Иргэд маань эгнээний голд 2 гэрэл тавимаар байна гэсэн хүсэлт тавьсан. Аймаг, орон нутгийнхаа удирдлагуудад танилцуулна, бас Ухаалаг дэвтэртээ бичнэ гэж бодож байгаа.
-2-р багт тулгамдаж байгаа ямар асуудал байна, хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай багийн хамгийн тулгамдаж байгаа асуудал бол багийн төв. Уулзалт, сургалт хийхээр төлөвлөөд ирэхээр сургалт хичээлтэй болчихлоо гээд бидний хийх ажил хойшлогдох, өөр газарт очих, цагийг зөрүүлэх гээд асуудал их байдаг. Энэ жил багийн төвийг барихаар шийдэгдсэн учраас хүлээгээд л байна. Иргэний танхимдаа дуу бүжиг, хурал цуглаан, сургалт бүгдийг хийх боломжтой болно. Иргэний танхимыг сул байлгах биш олон төрлөөр, завсар зайгүйгээр ашиглаж байж иргэний танхим жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Хааяа нэг сургалт семинартай, цоожтой байдаг бол хэрэггүй. Ахмадын өдөрлөгт бэлдэхдээ бид Рэнчинноров гэдэг ахмадынхаа гэрт нь очиж бэлдсэн. Бэлдсэний хүчинд манайхан нэгдүгээр байранд орсон. Мөн Булгийн араар газар олгосон учраас худаг, тогны асуудал байгаа. Энэ талаар ЦТСС, “Хэнтий ус” ХХК-д санал тавьж, хандсан боловч төсөв мөнгөтэй холбоотой болохоор шийдэхэд хүндрэлтэй байна. Энэ жил Багийн төв, өрхийн эмнэлэг, авто вокзал баригдахаар баг дээрээ их ажил хийнэ. Төв зам дагуу нүүрэнд угтдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг ногоог зулгаагаад, сэргээх бодолтой байгаа. Багийнхаа сонинг тогтмол гаргана. Аймгийн болон сумын хурлын төлөөлөгчидтэйгээ хамтарч ажиллах төлөвлөгөөг хүргүүлээд байгаа. Энэ төлөвлөгөөнд “Бидний гудамж” төсөл, Багийн наадам, Ахмадын урлаг, спортын наадам, хууль эрх зүйн сургалт зэргийг хийхээр тусгасан.
  Д.Одонтунгалаг
Related news