Б.Золжаргал:Манай ангийн сурагчид цүнхэндээ “Хүмүүн бичиг” сонинтойгоо явдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-06 21:44:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр сургуулийн Монгол бичгийн “Гэгээрлийн танхим”-ын эрхлэгч Б.Золжаргал багштай 9а ангийн 32 сурагч ангиараа “Хүмүүн бичиг” сонинг улирал бүр захиалж уншдаг хамт олон юм. Эдний анги нь сургуулийнхаа “Тэргүүний анги” хамт олноор гурван удаа шалгарсан бол урлагийн үзлэгээр 2014 онд тэргүүн байр, 2015 онд дэд байр, “Цэвэр орчинтой хамт олон”-оор сүүлийн гурван жил дараалан шалгарч энэ онд “Дэлхийн номын өдөр”-өөр ангиараа аймгийн “Тэргүүний уншигч” Д.Нацагдорж тэмдэгтэн анги хамт олон болжээ.
Тус анги нь Т.Гэрэлсоёомбо, Э.Жаргал, О.Баярбаясгалан, У.Амартүвшин, Б.Анхбаяр, Д.Нандинцэцэг, О.Одбаясах нарын улс, аймгийн олимпиад уралдаануудад амжилттай оролцдог олон шилдэг тэргүүний сурагчтай. Тус сургуулийн Монгол бичгийн “Гэгээрлийн танхим”-ын эрхлэгч Б.Золжаргал багштай ярилцлаа
:
-Танай ангийн сурагчид “Хүмүүн бичиг” сонины байнгын захиагч уншигчид юм байна. Та өөрөө Монгол хэл уран зохиол, Монгол бичгийн багш болохоор дөхөм байсан байхдаа?
-Тэгэлгүй яахав дээ. Үндэснийхээ бичиг соёлыг хойч үедээ өвлүүлэх нь төрийн бодлого, боловсролын байгууллагын зорилго, багш бидний үүрэг гэж боддог. “Хүмүүн бичиг” сонинг улирал бүр 30 ширхэгийг танхимдаа захиалж сургалтад ашиглаж байна. Үүнээс гадна манай сургуулийн 11в анги 30, 11г анги 26 ширхэг сонин захиалдаг бол манай анги сурагчдынхаа тоогоор 32-ыг захиалан уншиж байна. Миний даасан 9а анги нь “Гэгээрлийн танхим”-д хичээллэдэг болохоор сурагч бүхэн цүнхэндээ “Хүмүүн бичиг” сонинтойгоо явдаг. Бас монгол бичгийн болон бийрийн бичлэгийн бүтээл хийж танхимдаа байрлуулдаг болохоор хүүхэд бүхэн их сонирхолтой байдаг.
-Монгол бичгийн “Гэгээрлийн танхим” танай ангид байдаг юм байна. Анх хэдийд байгуулагдсан бэ? Танхимдаа ямар ажил зохион байгуулдаг вэ?
-
Энэ танхимыг анх 2000 оны тавдугаар сарын есөнд аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д.Оюунбилигийн санаачлагаар байгуулагдсан. Танхимыг байгуулахын тулд Дархан хотын аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн дунд “1000 төгрөгийн аян”-ыг өрнүүлж цугларсан хандиваар нь ийм сайхан танхимтай болсон юм. Манай танхим нь үндэснийхээ бичиг соёлыг сурч мэдэе гэсэн иргэд, хүүхэд багачуудад нээлттэй үйлчлэх зорилготой ажиллаж ирлээ. “Бийрийн бичлэгийн сургалт”-ыг байнга явуулдаг. Үүнд арга зүйч багш Д.Оюунбилиг аймгийн Монгол хэл-уран зохиолын багш нар болон сурагчдад тус бүр хоёр удаа, чөлөөт уран бүтээлч С.Жанлавцогзол мөн л тус бүр хоёр удаагийн сургалтыг явуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон. Мөн аймгийнхаа Монгол бичгийн залуу багш нарынхаа дунд өнгөрсөн оны намар ур чадварын уралдааныг зохион байгуулсан бол Хүүхдийн Номын ордонтой хамтарч энэ жил сургуулийнхаа есдүгээр ангийн сурагчдын дунд “Өглөөний цайтай уншлага” сургалт явуулж Монгол бичгийн эхтэй ном уншиж харилцан ярилцах уншлагыг зохион байгуулсан маань их амжилттай болсон шүү.
-Бийрийн дугуйлан ажилладаг гэлээ. Дугуйланд хэчнээн сурагч суралцдаг вэ? Хэр зэрэг үр дүнтэй явж ирэв?
-
Бид танхимдаа гурван жилийн өмнө аймгийнхаа бүх сургуулиудын сурагчдын дунд “Бийрийн дугуйлан”-г ажиллуулж эхэлсэн бол одоогийн байдлаар 12 сурагч суралцаж байна. Дугуйлангийн сурагчид тус аймагт жил бүр болдог “Бийрийн бичлэгийн уралдаан”-д тогтмол оролцож амжилт гаргадаг. Тухайлбал: Манай ангийн сурагч Д.Золбаатар өнгөрсөн намар болсон Дархан хотын 55 жилийн ойгоор зохиогдсон уралдаанд дэд байр, энэ онд тусгай байр, сурагч Г.Ариунбат жил бүр болдог 18 дугаар сургуулийн багш н.Булганчимэгийн нэрэмжит “Бийрийн уралдаан”-д 2015 онд гутгаар байр, өнгөрсөн онд дэд байр, энэ онд мөн гутгаар байр эзэлсэн. Бас энэ хоёр сурагч маань “Сайхан бичигтэн” улсын уралдаанд тус бүр хоёр бүтээлээ жаазалж хийгээд явуулсан боловч байр эзлээгүй. Байр эзлээгүй нь яахав улсын уралдаанд оролцсон гэсэн батламжтай болчихсон бол гэж бодож хоцорсон доо. Ер нь энэ бийрийн бичлэгийн уралдааныг байнга явуулдаг болохоор сурагчдын бичлэгийн ур чадвар өсч оролцохын тулд багагүй бэлтгэл хийдэг нь тэдний үндэсний бичгээ гэсэн сэтгэл зүрхтэй болж сайн нөлөө үзүүлдэг гэж боддог доо” гэв.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
Related news