Л.Нямаа: Бид Онон мөрнөө “Амьд биет” гэж ухаарах цаг нь болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-06 20:49:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа багштай хийсэн ярилцлагаа уншигч танаа толилуулъя.

-Багш таны бичсэн “Онон мөрний соёл- Хүн төрөлхтний соёлын өв мөнийг учирлах нь” сэдэвт асуудал дэвшүүлсэн өгүүлэл “Тойм” сэтгүүл, “Ноцтой мэдээ”, “Хэнтийн мэдээ” сонинд хэвлэгдлээ. Энэ өгүүллийг бичсэний учир юу вэ?

-Онон мөрөн бол хүн төрөлхтний болон түүхийн артерийн судас. Онон мөрний сав газар бидний өвөг дээдэс, эх түүх мэндэлж, мандан бадарч, унаж босож бидний үед ирсэн. Онон мөрөнгүйгээр Онон мөрний хөвөөнд мэндэлсэн Чингисийг, Алтан ургийн түүхгүйгээр дэлхийг ч, Монголын ч түүхийг ярих боломжгүй. Тийм учраас ЮНЕСКО-д онон мөрний соёлыг бүртгүүлэх сэдлийг хүмүүст өгөх гэж энэ өгүүллийг бичсэн юм. Өнөөдөр хүн төрөлхтөн, ухаалаг сайн төртэй улс гүрэн гол мөрнөө хамгаалах чиглэлээр ихийг санаж, санаснаа ажил хэрэг болгож байна. Шинэ Зеландын парламент “Уогануй” голоо, Энэтхэг улсын Уттаракханд мужийн дээд шүүх Ганга мөрнөө амьд биет болохыг хүлээн зөвшөөрч хууль гаргаж, дээрх голуудыг бохирдуулах нь хүний эрүүл амьдрах үйлсэд хор учруулсантай адил хууль бус явдал гэж үзэн хуульчлав. Энэ арга хэмжээнүүд нь НҮБ-ын “Олон улсын гол мөрөн” конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ юм. Бид Онон мөрнөө “Амьд биет” гэж ухаарч орон нутагтаа буюу Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дадал сумын иргэдийн хурал, аймагтаа аймгийн иргэдийн хурлын тогтоол гаргах, ойрын ирээдүйд Онон мөрнийг хамгаалах Монгол Улсын хууль гаргах, мөн манай улсад Онон, Хэрлэн, Туул, Орхон зэрэг голуудыг хамгаалах эсэх нь төрийн түшээдийн ухаан, сэтгэл хоёроос шалтгаална. Бид өнөөдөр зөвхөн өөрсдийгөө бодож ирээдүйгээ хамаагүй гэж үзвэл хойч үе маань биднийг яллах болно. Ирээдүйдээ яллуулах ял шиг хүнд ял хүн төрөлхтөнд байхгүй шүү гэдгийг хэлье.

-  Та хэд хэдэн судалгаан дээр ажилласан. Одоо ямар сэдвээр судалгаа хийж байна?
-“Дэлхийг төвхнүүлэх Монгол хаадын менежмент орчин үед холбогдох нь” судалгаагаа дуусгаад ирэх хичээлийн жилээс “Монгол хаадын шашны талаар явуулсан бодлого орчин үед холбогдох нь” сэдэв дээр ажиллана. Энэ хоёр сэдэв бол “РАХ МОНГОЛИКА-21” Монгол Улсын төрийн алтан аргамжны бодлогын хоёр тулгуур үзэл санаа юм. Би “Монголчуудын үндэсний ухамсрыг сэрээх харангын дуу” гэсэн ерөнхий агуулгын дор түүхэн эссэ бичнэ. 2020 онд Бодончир богдын мэндэлсний 1050 жил, 2019 онд Хамаг Монгол улс байгуулагдаад цаасан мөнгө үйлдвэрлэсний, онд анхны банк байгуулсны 836 жил, 2022 онд Чингис хаан мэндэлсний 860 жил, 2026 онд Их Монгол улс байгуулсны 820 жилийн ой тохионо. Энэ бүгдийг үндэслээд 2019-2029 оныг Монголын эх түүхийн 10 жил хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Оюуны довтолгоо” зохион байгуулж, Монголчуудыг эх түүхээс нь “дахин төрүүлэх” их үйлс өрнүүлээсэй гэж хүсч сууна. Эх түүхийн 10 жил зарлигаар ард түмнээ гэгээрүүлж, түүхэн уламжлалаа сэргээдэг туршлагыг ОХУ, Казакстан зэрэг улсаас харж болно. Монголын эрдэмтэн И.Дашням, Б.Балжид, хятадын түүхч Т.Мансан нарын судалж тогтоосноор Монголын Алтан ургийн хаадын байгуулсан Их Монгол улс, Их Юань, Ил хаадын улс, Цагаадайн улс, Алтан ордны улс, Төмөрийн улсууд оршин байсан оныг нэмээд бодоход 1201 жил дэлхийг удирдаж төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл боловсрол, хууль цааз, хот байгуулалт, шашин, цэргийн урлаг, шинэ техник технологи зэрэг нийгмийн бүх салбарт шинэ хөгжил дэвшил авчирсан байна.

Германы эрдэмтэн Хансын 13-р зууны үед дэлхийд болж байсан хурал Монгол хэлээр болж байсан гэж Ватиканы номын сангаас олдсон “Орхигдсон соёл” номондоо бичсэнийг бодохуй Монгол бичгээр дэлхий ойлголцож байсныг баталж байна. Мөн Польшийн эрдэмтэн Котвич 1933 онд олон улсын түүхчдийн 6-р их хуралд тавьсан илтгэлдээ: 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Луй Филиппэд Монгол бичгээр бичсэн захидал олон улсын харилцааны түүхэнд “РАХ МОНГОЛИКА” буюу Монголын энх амгалангийн дэг журмыг тогтоосон болохыг баталдаг.

Өнөөдөр дэлхий дахинаа энхийн дэг журам ус, агаар шиг хэрэгтэй байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп: Бүрэн итгэл, тодорхой байдал, үр дагаврын мэдрэмж болон хувиршгүй тууштай чанар зэрэг нь Чингис хааны хамгийн чухал зэвсэг байжээ гэж “Чингис хаанаас бид юу суралцаж болох вэ” гэдэг ярилцлагыг АНУ-ын нэгэн сонинд өгөхдөө онцолсон. Бид ч гэсэн их хаадынхаа дэлхийг, гүрэн улсаа тохинуулсан ухаанаас суралцах цаг нь болсон. Манай бүх шатны удирдагчид эх түүхийнхээ гүн рүү орж ухаарал, сэхээрэл авч сум, аймаг, улсаа өөд нь татаж чадахгүй байгаа нь харамсалтай. Зөв ухаарч, зөв удирдвал алганд багтах эх орон, ард түмэн шүү дээ. Монгол хүний оюун ухаан уудам саруул, сэтгэл зүрх ариун тунгалаг, зөвхөн зөв жолоодлого хэрэгтэй.

- Яруу найраг, уран зохиол судлалын хувьд юу бүтээж байна вэ?
-Хадны зураг, Итгэл хамгийн гэгээн нь, Гүн ухааны ганц мод, Миний нууц товчоо, Пикассо бид хоёр зэрэг номынхоо яс модыг босгочихоод үг, утга бүрийг хянаж засч янзалж байна. Биднийг оюутан байхад аугаа их Ч.Лодойдамба “Сайн ажиллахгүй бол сайн ном төрөхгүй шүү” гэж захисан. Би энэ захиасанд үнэнч явдаг.

-  Манай уншигчдад хандаж юу хэлмээр байна?
 -Эх түүхээ мэдэрч аугаа багш эх орон, ард түмэндээ өгөх хайраа өгч, авах, булаах шуналаа түүхийн хог дээр хаяж, эх орноо өөд нь татаж, ард түмнээ жаргаамаар байна. Төр засгийн бүх шатны удирдагчид “Би ард түмнээ нялх хүүхэд шиг хайрладаг” хэмээсэн Эзэн Богд Чингис хааныхаа алтан гэрээслэлд үнэнч байгаач ээ. 21-р зууны капитализмаар даяаршлах ертөнц хатуу шүү гэж хэлье.
 Д.Одонтунгалаг
Related news