Биндэрчүүд ногоон хөгжилд уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-24 20:12:06
Хэнтий /МОНЦАМЭ/ Тус аймгийн анхны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг “Бугатай” цэцэрлэгийг одоогоос хоёр жилийн өмнө Биндэр сумынхан алдарт саальчин Найданжавын Цэвэлмаагийн нэрэмжит болгож, тохижуулсан. Энэ удаад тус сумын Чингис хот дахь нутгийн зөвлөл санаачлан алдартныхаа цэцэрлэгт хүрээлэнд 40 нарс, 300 гаруй бутлаг мод, сөөгийг суулгаж, хотын өнгө үзэмж, аймгийнхаа эко хөгжилд бага гэлтгүй гар сэтгэлээ нэгтгэн оролцоцгооё хэмээн уриаллаа.

Тухайлбал хайлаас, улиас, жимс жимсгэний мод, бутны суулгацыг суулгах, цэцэрлэгийг тордох, арчлах аянд Биндэръяа нутгийн зон олны төлөөлөл 60 гаруй хүн оролцсон байна. Тэд намрын сарыг дуустал мод бут, хайс хороогоо арчлах ажлыг хийгээд “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ-т хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Үүнчлэн цэцэрлэгт байрлах явган хүний зам засах, сүүдрэвчүүдийг будах, бугатай хөшөөний эврийг сэлгэх ажлыг ойрын хугацаанд хийж дуусгахаа илэрхийллээ. Цэцэрлэгт хүрээлэнд тарьсан мод, бутны суулгацыг Биндэр сумын Сум дундын ойн ангиас Нутгийн зөвлөлийнхөө ногоон хөгжлийг дэмжих ажилд нь хандивласан байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026” бодлогын баримт бичгээ оны өмнө батлуулж байсан. Тэгвэл Биндэр сумын Чингис хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амгаланбаатар хэлэхдээ “Биндэрчүүд бид ногоон хөгжлийн бодлогоо дэмжиж байна. Бусад сумдын нутгийн зөвлөлүүддээ хандаж хэлэхэд ногоон байгууламжаа нэрэмжит болгон эзэнжүүлээд хариуцаад явбал арчилгаа усалгаа хийх, цаашид харж хандахад онцгой ач холбогдолтой” хэмээж нарсан ойг энэ төгөлд цэцэглүүлнэ гэлээ.

Дашрамд дуулгахад алдарт саальчин Н.Цэвэлмаагийн хөшөөг 1960-аад онд тус аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Сүрэнгийн санаачлагаар Өндөрхаан хотын сэхээтэн залуучуудын нөхөрлөлийн хүчээр анх босгожээ.
    Д.Одонтунгалаг
Related news