Сар бүрийн 17-ныг “Номын өдөр” болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Төв номын сангийн санаачилгаар сар бүрийн 17-ны өдрийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Номын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон. Үүний дагуу аймгийн Төв номын сангийн ажилтнууд өнгөрсөн сард уг өдрийг тэмдэглэж олон талт ажлыг зохион байгуулснаар нийт 1 сая 200 мянган төгрөгийн өртөг бүхий 230 ширхэг ном цуглуулжээ.
Аймгийн Төв номын сангийн ахлах номын санч н.Нямцэнд: “Манай номын сан энэ сарын 17-нд “Шинэ номын хямдралтай худалдаа” явуулж “Зохиолч-Уншигчдын уулзалт”-ыг номын сангийнхаа гадаа талбайд “Номын өдөр” нэрээр хийлээ. Мөн уншигчид номын сангаас мэдээллээ хэрхэн хайж унших, тэтгэлгээр гадаадад сурах, уншигчдад хөнгөлөлттэй үнээр карт нээх болон үлгэрийн баатруудтай хамт зургаа татуулах боломж олгосноор оролцогч ихтэй ном солилцох болон номын хандив өргөх ажлыг амжилттай явуулж байна” гэлээ.
Б.Норовсамбуу