Оюуны наадамд манлайлагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-09 18:21:27
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино сумд ахмад багш  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтан гадас одонт, АБТА багш С.Юндэндорж, А.Лхазымаа нарын нэрэмжит математик, монгол хэлний их наадам боллоо.
Энэхүү наадам хоёр дахь жилдээ амжилттай болж Завханы Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Тэс, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын бүрэн дунд сургуулийн 300 гаруй багш, сурагчид оролцлоо. Багш сурагчид математик, монгол хэлний төрлөөр 48 медалийн төлөө өрсөлджээ.
Математикийн төрөлд тэргүүн байрыг Завханы Тэс сумын тавдугаар ангийн сурагч А.Даариймаа, Баянтэс сумын зургадугаар ангийн сурагч С.Батбилэг, Увс аймгийн Зүүнхангай сумын долдугаар ангийн сурагч П.Бадмаа, Сонгино сумын наймдугаар ангийн сурагч Т.Пүрэвдорж, Нөмрөг сумын 9-р ангийн сурагч Г.Пүрэврагчаа, Сонгино сумын 10-р ангийн сурагч Э.Энхжаргал, Увс аймгийн Өндөрхангай сумын 11-р ангийн сурагч  Э.Буньяа нар тус тус тэргүүлжээ. Харин монгол хэлний төрөлд алтан медалийг Завханы Тэс сумын тавдугаар ангийн сурагч А.Даариймаа, Увс аймгийн Зүүнхангай сумын зургадугаар ангийн сурагч Б.Мөнхтуул, Завханы Сонгино сумын долдугаар ангийн сурагч Б.Сэржмядаг, Тэс сумын наймдугаар ангийн сурагч Г.Ариунзул, Увс аймгийн Зүүнхангай сумын 9-р ангийн сурагч Н.Анхбаяр, Өндөрхангай сумын 12-р ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ, Завханы Сонгино сумын 10-р ангийн сурагч Б.Жавзансүрэн, Баянтэс сумын 11-р ангийн сурагч Ц.Алтанцэцэг нар тус тус хүртжээ.
Тус наадам хүүхдүүд багш нарт урам өгсөн, хөрш зэргэлдээ аймаг сумын багш нарын туршлага солилцсон, өндөр шагналтай наадмуудын нэг бөгөөд жил бүр уламжлал болж зохиогдох юм.
Б.Мягмарсүрэн
Related news