20 сая фунт стерлингээр дуудлага худалдаанд оруулсан Английн тосгон зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-02 10:37:50

ЛОНДОН./BBC/. 2016 онд 20 сая фунт стерлингийн /26 сая доллар/ анхны үнэтэйгээр дуудлага худалдаанд орж байсан Английн Норт-Йоркшир гүнлэгийн нутаг дахь Уэст Хэслертон гэдэг тосгоны шинэ эзэн тодорсон байна.

Энэ сууринд 43 байшин, мөн 21 өрөө бүхий том хаус, 2116 акр талбайтай эзэмшил газар байдаг. Тосгоны хамгийн том барилга нь Уэст Хэслертон Холл хаус юм.

150 жилийн турш уг тосгонг нэг гэр бүлийнхэн эзэмшиж байжээ. Тус суурингийн хамгийн сүүлчийн эзэмшигч болох 84 настай Ив Доунэй 2010 онд нас барсны дараа сууринг дуудлага худалдаанд оруулжээ. 

Тосгоны шинэ эзэн нь Британийн хөрөнгө оруулалтын “Albanwise” компани юм. Харин Уэст Хэслертон сууринг ямар үнээр худалдан авсныг дурдаагүй байна. Тосгоныг дуудлага худалдаанд оруулах үед оршин суугчид нь "бидний эрин үе дууслаа" хэмээн ярьцгааж байжээ.

1960-аад оны үед эцгээсээ тосгоныг өвлөн авч байсан Ив Доунэй олон жилийн туршид түрээсийн үнийг доогуур байлгасаар ирсэн нь уг тосгон хөгжин цэцэглэхэд тус дэм болсон гэж нутгийн оршин суугчид үздэг байна.

Тосгоныг байшингуудыг түрээслэн жилд 388 мянган фунтын орлого олдог байжээ.  
О.Барс 

 

 

Related news