Баруун бүсийн шүүхийн ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-28 11:01:58
Ховд/МОНЦАМЭ/.Энэ оны 8 дугаар сард  болох Ховд аймгийн Шүүхийн байгууллагын  түүхт  90 жилийн ойн нэрэмжит  Баруун бүсийн  шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг  шалгасан “Ажил мэргэжлийн уралдаан” 04 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхимд  зохион байгуулагдлаа.
Тус ажил мэргэжлийн уралдаанд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн шүүхүүдээс гадна  Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Завхан аймгийн Тосон цэнгэл сум дахь Сум дундын шүүх  гэсэн 7 шүүхийн байгууллагын 150 гаруй ажилтан оролцсон юм.
Баруун бүсийн Шүүхийн ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварын уралдаан нь Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Эрүүгийн хэргийн шүүгчийн  туслах, Иргэний хэргийн шүүгчийн туслах, Захиргааны хэргийн шүүгчийн туслах, Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Мэдээллийн лавлагааны мэргэжилтэн, Эвлэрүүлэн зуучлагч, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах, Нягтлан бодогч, Нярав, Архив бичиг хэргийн эрхлэгч зэрэг 12 мэргэжлийн ангиллын хүрээнд Эссэ бичлэг,  Центавр, Сорилын шалгалт,  Бодлого болон албан хэрэг боловсруулалт гэсэн дөрвөн төрлөөр өрнөж байна.
Энэхүү уралдаан нь Шүүхийн захиргааны ажилтнууд  мэргэжлийн  ур чадвар болон мэдлэгээ дээшлүүлэх,  ажлын байран дээрээ хөгжих, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлсэнээрээ ач  холбогдолтой байлаа.
Үүнээс  гадна тус   ажил мэргэжлийн  уралдаанд  шалгарсан  9 хүн  энэ оны  05 сард  зохион байгуулагдах Шүүхийн захиргааны  ажилтнуудын  “Ажил мэргэжлийн ур чадварын Улсын уралдаан”-д оролцох эрхтэй болох юм.  “Улсын уралдаанд эхний байранд шалгарч чадвал Гадаадын Улс орноор аялах, тус улсын шүүхийн байгууллагынх  нь  үйл ажиллагаатай  танилцах  боломж  нээгдэх  юм байна. Харин хоёрдугаар  байранд шалгарсан ажилтан дотоодын амралт сувилалын газар амрах эрхтэй болно. Түүнчлэн  Гуравдугаар байранд шалгарсан ажилтанд мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулна” гэж Ховд аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хэлсэн юм. Мөн тэрээр Монгол Улсын хэмжээнд өрнөх  Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадвар уралдааныг угтсан баруун бүсийн  уралдаан  нь өнөөдөр  Ховд аймгаас анх удаа эхэлж  байгааг онцлон  дурьдлаа.
А.Бямбасүрэн
Related news