Үйлдлийн системийн зах зээлд Android ноёрхож эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-06 12:07:15

ДУБЛИН./Xinhua/. “Google” компанийн Android үйлдлийн систем нь “Microsoft” компанийн “Windows”-ийг гүйцэж түрүүлэн дэлхий дахинд хамгийн өргөн ашиглагддаг үйлдлийн систем болсон тухай Ирландын судалгааны “StatCounter” компани мэдэгдлээ.

Суурин компьютер, зөөврийн компьютер, таблет болон ухаалаг гар утаснуудад ямар үйлдлийн систем ашиглаж байгааг тус компани гуравдугаар сард судалжээ.

Судалгаанаас харахад, нийт интернэт хэрэглээний 37.93 хувийг Android эзэлж байсан нь Windows-оос 0.02 хувиар өндөр үзүүлэлт аж.

Ердөө тавхан жилийн өмнө үйлдлийн системийн зах зээлд Windows-ийн эзлэх хэмжээ 80 гаруй хувь, Android-ынх 2 гаруй хувь байсан юм.

Ухаалаг гар утасны хэрэглээ тэлж, суурин компьютерын борлуулалт буурсан нь ийм өөрчлөлт гарахад нөлөөлжээ.

Гэхдээ суурин компьютерын хувьд Windows тэргүүлэх үйлдлийн систем  /84 хувь/ хэвээр байна.

Дээрх өөрчлөлт нь дэлхийн үйлдлийн системийн зах зээлд “Microsoft”-ын ноёрхол төгсөл болсон болохыг харууллаа гэж “StatCounter” компанийн албаны хүмүүс хэлэв.

Г.Доржханд




 

Related news