“Apple”-ийн хиймэл оюун хариуцсан шинэ даргыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-12-02 17:34:47

КУПЕРТИНО, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /DW/. Америкийн “Apple” компанийн хиймэл оюун ухаан хариуцсан хэлтсийн дарга Жон Жаннандреа албан тушаалаасаа бууж байгааг тус компани даваа гарагт зарлажээ. 


Машин сургалт болон хиймэл оюун ухааны стратегийг долоон жилийн турш хариуцан удирдсан Ж.Жаннандреа 2026 оны хавар тэтгэвэрт гарна гэж “Apple” компанийн мэдэгдэлд дурдсан байна. Ж.Жаннандреа үлдсэн хугацаандаа тус компанид зөвлөхөөр ажиллах ажээ.


Түүний халааг “Apple” компанид хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Амар Субраманяа авна гэж тус компани мэдэгдсэн байна. А.Субраманяа хамгийн сүүлд “Microsoft” компанийн хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгчөөр богино хугацаанд ажиллаж байсан юм. Түүнээс өмнө тэрбээр “Google”-д 16 жил ажилласан бөгөөд “Gemini” дижитал туслахын инженерийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.


“Apple” компани нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ өрсөлдөгчидтэйгээ хөл нийлүүлэн алхаж чадаагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тодруулбал, хэрэглэгчдийн дунд алдартай “iPhone” гар утас зэрэг төхөөрөмжүүддээ хиймэл оюун ухаанд суурилсан функцуудыг хөгжүүлэхдээ өрсөлдөгчдөөсөө хол хоцорч байна гэж шүүмжлэгчид үзэж байна.


Энэ оны эхээр “Apple” компани илүү хүчин чадал бүхий “Siri” дижитал туслахыг гаргахаа 2026 он хүртэл хойшлуулсан юм. Харин “Google”, “Microsoft”, “OpenAI” болон бусад технологийн өрсөлдөгч компаниуд хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлэхийн төлөө сайжруулсан хиймэл оюун ухааны загвар, функцуудаа тогтмол гаргасаар байгаа ажээ.



Related news